ОРХОН: Ч.Уранбилэг: Би “Одоо цаг”-таа амьдрах дуртай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-19 15:40:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/ МОНЦАМЭ/."Гэгээн Муза-16" олон улсын театрын их наадмаас "Тангарагт хаан" хүүхдийн драмын жүжгийн АСРАЛ гүнжийн дүрээр "Шилдэг эмэгтэй жүжигчин" алтан цом хүртсэн Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театрын жүжигчин, МУСТА Ч.Уранбилэгтэй уулзаж түүний амьдрал, уран бүтээлийн талаар халуун яриа өрнүүллээ. 

- Та Соёл урлагийн салбар тэр дундаа театрын алтан тайзан дээр амьдралынхаа 24 жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд өөрийн ур чадвар, өнгө төрхөөрөө бусдаас дандаа содон байж ирсэн. Таны амьдрал, уран бүтээлдээ баримталдаг зарчим юу вэ?

- Жүжигчин хүн эхлээд ХҮН байх хэрэгтэй. Хүн чанарын дээд байх хэрэгтэй гэдэг. Тиймээс би хэзээ ч, юунд ч эвдэгдэхгүй зөв ХҮН байх гэж хичээсээр ирсэн. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч, хэн нэгэнд хэтэрхий автдаггүй, ҮНЭН байх нь миний амьдрал, уран бүтээлдээ баримталдаг гол зарчим. Магадгүй энэ зарчим намайг өдий зэрэгтээ явахад ташуур болдог байх. Бас ОДОО цагт амьдрах дуртай. Ирээдүйд болох хэтэрхий олон зүйлд санаа зовниж, бусадтай өөрийгөө харьцуулах дургүй. Орой бүр унтахаасаа өмнө хүүхдүүдийнхээ хувцас, бичиг баримтыг эмхэлж тавиад унтдаг байсан үе надад бий. Магадгүй маргааш өглөө сэрэхгүй байх гэж бодоод  тэр шүү дээ. Үүнээс болоод  ОДОО цагаар амьдрах болсон доо. 

Анх жүжигчин болох замнал яаж эхэлсэн бэ? Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театр гэх их айлд хэзээ орж ажилласан бэ?

- Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Тиймээс ч энэ сайхан нутаг орон, театргүйгээр миний амьдрал, дурсамж, түүхийг өгүүлэх боломжгүй. Аав ээж хоёр маань 1978 онд илгээлтээр Эрдэнэт хотод ирж би 1979 онд Говил багийн Төрөх эмнэлэгт мэндэлсэн. Миний бага нас гуравдугаар хороололлын /3 микр/ 17 дугаар байр, Нэгдүгээр сургуулийн орчимд өнгөрсөн. 

Би хүүхдийн байцаагч болно гэж бодож, түүнийхээ дагуу шалгалт өгөхөөр Нийгмийн ухааны хичээлээр бэлдэж байлаа. Харин нэг өдөр найзтайгаа хамт Хүүхэлдэйн театрт очиж Х.Бямбабаатар найруулагчтай уулзаж, ярилцаад жүжигчин болох шийдвэрээ гаргаж байлаа. Тэгээд л аав ээждээ жүжигчин болох тухайгаа дуулгаж Соёл Урлагийн Их сургуулийн жүжигчний ангид элсэн суралцсан. Нэгдүгээр курст суралцаж байхад ээжийн маань бие өвдөж, би сургуулиа орхиод ээжийгээ асрахаар буцаад ирсэн дээ. Ирснийхээ дараа “Хэрвээ чи жүжигчин болохыг хүсвэл эргээд ирээрэй” гэж хэлсэн найруулагчийн үгийг санаад утас цохиж, маргааш нь Хүүхэлдэйн театрт ирж Д.Бэхбилэг дарга,  найруулагч Е.Баярмагнай нартай уулзаж байлаа. Тэр үед чи ийм зузаан шил зүүдэг байж хажуудах хүнээ хардаг юм уу? гэж асууж байсан нь одоо ч мартагддаггүй юм. /Би багадаа менингит өвчнөөр удаан өвдөж түүнээсээ болоод маш зузаан линзтэй  нүдний шил зүүдэг байсан/. Тэгээд их зузаан сонин уншуулж, өрөөний нэг булангаас нөгөө булан хүртэл алхуулж үзээд "За боллоо, маргааш ажилдаа ороорой" гэсэн. Ингээд л театр маань өргөн үүдээ нээж намайг тосож авсан даа. Би энэ театраас төрсөн практик жүжигчин шүү дээ. /инээв/ 

-Анх ажилд орсон сэтгэгдэл ямар байсан бэ? Хүндрэлтэй зүйлс тохиолдож байв уу?

- Анх арван наймхан настай жаахан охины дэврүүн зангаар юу ч бодолгүй дэрвэж гүйгээд л театрынхаа хаалгаар орсон доо. Жүжигчнээр ажиллаж чадах болов уу? гэх айдасгүй, ямар ч бэлтгэлгүй байсан гээд л бодчих. Тэгээд хамгийн анх цалингийн урьдчилгаа гэж есөн мянган төгрөг аваад өөртөө ч итгээгүй. Тухайн үедээ бол маш их мөнгө шүү дээ. Тэгээд л ээжийнхээ хамгийн дуртай усан үзэм, нэг шуудай гурил, наранцэцгийн тос аваад гэртээ харьж байлаа. Тэр мөчөөс би  том хүн болсон доо. Хүний өмнө хариуцлага хүлээдэг, аав ээжийнхээ ачаанаас үүрэлцдэг боллоо. Анх намайг жүжигчнээр ажилд ороход “Эмэгтэй хүний амьдрал асар олон замтай. Тэр болгонд түүртэлгүй, мэргэжилдээ эзэн байж чадах уу?” гэж асуусан. Харин би өөртөө итгэлтэйгээр чадна гэж хариулаад одоо болтол жанжин шугамаа алдахгүйг хичээж явна даа. 

- Та гэр бүлийнхээ талаар яриач. Урлагийн хүн ар гэртээ зарцуулах зав хэр гардаг вэ? 

- Би хэнд ч саад болохгүй, хэрэгтэй үед дэргэд нь байж чаддаг хүртээмжтэй нэгэн байхыг хичээдэг.  Би бүх зүйлээ энэ театр, алтан тайзнаасаа олж авсан. Энд хайр сэтгэлтэйгээ учирч, хоёр сайхан үрийн ээж болсон. Анхныхаа хүүг 2000 онд өлгийдөж аваад таван сар ч хүрээгүй байхад нь ажилдаа орж байлаа. Энэ тайзгүйгээр удаан байж чадахгүй гэдгээ тэгэхэд ойлгосон. Би одоо ч нөхрийгөө та гэж дууддаг. Өдий болтол дуугаа өндөрсгөж хэрэлдэж үзээгүй. Харин хүүхдүүддээ сайн ээж, найз нь байхыг хичээдэг. Жил бүр төрсөн өдрийг нь нижгэр тэмдэглэж өгдөг. Магадгүй хэзээ нэгэн цагт төрсөн өдрөө тэмдэглэж чадахгүй үедээ дурсамжаараа сэтгэл дүүрэн байгаасай гэсэндээ л тэр шүү дээ. Миний хоёр хүүхэд миний найз, хань, түшиг, амьдрах урам зориг минь юм шүү дээ. 

-   Амьдралаасаа ойлгосон хамгийн чухал зүйл юу вэ? Хүн ер нь юуг чухалчилж үзэх хэрэгтэй вэ?

- Бүх зүйл цаг хугацаатай. Хүн өнөөдөр юутай байх нь хамаагүй, харин хэн байсан нь чухал гэдгийг хамгийн хайртай дүүгээ алдсаныхаа дараа ойлгосон. Түүнээс хойш сайхан дурсамж бүтээж амьдрахыг хичээж явна. Өнөөдрийг сүүлчийн өдөр юм шиг амьдар гэдэг. Гэхдээ хэн ч тэгдэггүй. Тиймээс эргээд дурсагдах сайхан дурсамжаар дүүрэн амьдраарай л гэж хэлмээр санагддаг. 

- Та “Гэгээн Муза” наадмаас хос алтан цом хүртлээ. Хос цом хүртэнэ гэдэг жүжигчний авьяас, чадварыг сорьсон том сорилт байх. Энэ талаараа яриач. 

- "Гэгээн Муза-16" наадмаас Г.Мишээлийн зохиол, найруулга “Тангарагт Хаан” хүүхдийн драмын жүжгийн Асрал гүнжийн дүрээр “Шилдэг туслах эмэгтэй жүжигчин” алтан цом хүртсэн. Өмнө нь 2018 онд “Нохойн хурим” моно жүжгийн дүрээр “Шилдэг эмэгтэй жүжигчин” цом хүртэж байсан. Ер нь зохиолч, найруулагч, хамтран тоглогч, баг хамт олонгүйгээр хэн нэгэн амжилт гаргадаггүй. Тиймээс хамт олондоо маш их баярлаж явдаг. Аливаа уран бүтээл багийн ажиллагаа байдаг. Хийж байгаа зүйлдээ санаа нийлж, биенээ хурцалж, арай илүү ойлголцдог тайзны алтан хамтрагч минь жүжигчин, найруулагч Г.Мишээл юм. Тиймээс түүнд бас талархахгүй байхын аргагүй. 

- Тайзны урлагт чамгүй олон жил зүтгэж олон уран бүтээлийг үзэгч хүүхдүүдэд толилууллаа. Цаашдаа дэлгэцийн уран бүтээлд тоглох сонирхол бий юу?

- Хүмүүс намайг дэлгэцийн урлагт дүр бүтээгээч гэдэг л юм. Харин надад тийм сонирхол байдаггүй. Би зүгээр л энэ тайзандаа, үзэгч хүүхдүүддээ хайртай. Энэ л миний хамгийн сайн чаддаг зүйл. Хүүхдийн жүжиг өөрөө маш онцлогтой.  Хэзээ ч худлаа дүр эсгэж жүжиглэж болдоггүй, дандаа ҮНЭН байхыг шаарддаг. Намайг уйлбал дагаад уйлж, инээвэл хамт инээдэг хамгийн амьд харилцаа тэнд л үүсдэг. 

- Таны цаашдын зорилго юу вэ? 

-Би хүүхдийн сэтгэл заслын эмчээр сурахаар төлөвлөж байна. Сурч төгсөөд бүх хүүхдэд нээлттэй "Хүүхдийн төв" байгуулахыг хүсдэг. Өнөөдөр би уран бүтээлээ хийгээд завгүй байгаа ч энэ мөрөөдөлдөө хүрэхийг төлөө хичээх болно. Хүүхдүүд ирээд дуртай зүйлээ хийдэг, бүжиглэж дуулдаг, тэдэнд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг гээд цогц газар байгуулна даа. Ер нь хийж бүтээх их мөрөөдөлтэй байхад хэзээ нэгэн өдөр биелэнэ дээ. Харин жанжин шугам, зарчмаасаа хазайхгүй л явахыг хичээнэ. Хүн болгонд өөрийн гэсэн түүх, явсан зам бий. Хэн ч миний  гутлыг өмсөөд арав алхаж чадахгүй, хоёрхон гишгээд бүдэрнэ. Тиймээс бусдыг битгий шүүгээрэй. Хүн болгонд өөрийнхөөрөө амьдрах орон зай үлдээгээрэй л гэж хэлье дээ

-Ярилцсанд баярлалаа


Related news