Хятад улс сармагчны цэцэг өвчний халдвар хилээр орж ирэхээс сэргийлэх арга хэмжээ авч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-07-25 14:33:45

БЭЭЖИН. /Xinhua/. Одооноос эхлэн гадаадаас ирсэн иргэд сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг илэрвэл төрийн байгууллагуудад мэдэгдэх шаардлагатай гэж БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.


"Энэ өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүс хилээр нэвтрэхдээ Хятадын эрх баригчдад мэдэгдэх шаардлагатай. БНХАУ-ын гаалийн газрын халдвар судлалын албаны ажилтнууд тогтоосон журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авч, шинжилгээнд дээж авна" гэж мэдэгдэлд дурджээ. 


Хэрэв БНХАУ-ын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгсэл дотор халдвар авсан хүн зорчсон сэжиг илэрвэл бүх зорчигч, тэдгээрийн эд зүйлс, ачаа тээшийг тусгай үзлэгт хамруулах ёстой байна. Хяналтын шинэ арга хэмжээ ирэх зургаан сарын хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжинэ гэдгийг онцолсон байна. 


“Энэхүү арга хэмжээ нь сармагчны цэцэг өвчний халдвар БНХАУ-д орж ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хилээр нэвтэрч буй хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилготой" гэж мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.


Сармагчны цэцэг өвчний халдвар олон улсын хэмжээнд аюул учруулж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн бямба гарагт мэдэгдэж, уг өвчний тархалтыг "нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал" ангилалд оруулсан билээ. 


Одоогоор сармагчны цэцэг өвчний халдварын 16 мянга гаруй тохиолдол 75 улс оронд бүртгэгдэж, 5 хүн нас бараад байна. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд, тэр дундаа ижил хүйстэн болон бэлгийн олон хавьтагчтай эрэгтэйчүүд байна. 


Сармагчны цэцэг өвчин нь анх 1950-аад оны үед Африкт бүртгэгдэж байсан бөгөөд урьд өмнө нь энэ удаагийнх шиг олон улс орныг хамран тархаж байгаагүй юм. Сармагчны цэцэг өвчин туссан үед халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, биен дээгүүр, ялангуяа нүүр, гар болон хөлөн дээгүүр товгор зүйл туурч, загатнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. 


Гэхдээ “КОВИД-19” шиг агаар дусал, амьсгалын замаар халдварладаггүй, харин халдвар авсан хүний биед хүрсэн, халдвартай хүний ор дэр, алчуур, хувцас зэрэгт хүрсэн тохиолдолд халдварладаг учир эрсдэлт бүлгийн хүмүүсийг вакцинжуулж, энэ өвчний талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулснаар хурдан дарж авах боломжтой гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд үзэж байна.


Related news