Тархи, сэтгэл судлалын олон улсын хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2022-08-08 16:52:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад Тархи, сэтгэл судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг. Ковидын цар тахлаас шалтгаалж хоёр жил хойшлоод байсан олон улсын ээлжит хурал өнөөдрөөс эхэлж байна.


Энэ талаар ШУА-ийн Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн, Монголын Нейросайнсийн нийгэмлэгээс мэдээллээ.

Олон улсын Тархи судлалын байгууллага (IBRO)-тай хамтран зохион байгуулдаг энэ удаагийн олон улсын хурал “Салбар дундын тархи судлал-2022” сэдвээр болж, Монгол, Япон, БНСУ, БНХАУ, Малайз, Казахстан, Киргиз, ОХУ-ын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид оролцож, сүүлийн үеийн судалгаа, технологийн дэвшлийн талаар лекц уншин, онол практикийн мэдлэг, мэдээллээ хуваалцана хэмээн ШУА-ийн Тархи, Сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал Ж.Цолмон мэдээллээ. 


Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын Нейросайнсийн (тархи, мэдрэлийн судалгаа) нийгэмлэгийн тэргүүн Л. Баттүвшин сэтгэл судлалтай холбоотойгоор иргэдийн нийгмийн хандлага, стрессийн түвшинг харуулсан судалгаа хийснийг товч танилцуулав. Судалгаагаар нийслэл Улаанбаатар хотод, тэр дундаа гэр хорооллын айлуудын дундаж насны  эмэгтэйчүүдийн стрессийн түвшин өндөр байна хэмээн гарчээ.


Энэхүү судалгааг “Та стрессдэг үү?” гэсэн анхан шатны асуулгаар бус, шинжилгээний багажаар түүвэрлэн авсны үр дүнд суурилж гаргасан дүгнэлт гэдгийг тэрбээр тодотгож байлаа. Тийм учраас анагаахын салбарт эмзэг бүлгийн хүмүүст эрүүл мэндийн мэдээлэл боловсрол олгох, стрессээс үүдэлтэй сэтгэцийн болон мэдрэлийн өвчнүүдээс сэргийлэх талаарх мэдлэгийг олгох хэрэгтэй байна гэдгийг онцолж, ингэснээр тэдгээрээс цаашид гарч болох эдийн засгийн зардлыг багасгаж чадах юм гэж байлаа.


Related news