ХОВД: Нобелийн шагналт эрдэмтэн Терри Каллаган лекц уншлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-25 14:20:12

Ховд /МОНЦАМЭ/. Нобелийн шагналт эрдэмтэн Терри Каллаган (Terence (Terry) Vincent Callaghan) тэргүүтэй эрдэмтдийн баг энэ сарын 24-28-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна.  


Тодруулбал, 2007 оны Нобелийн энх тайвны шагналт (IPCC-ийн бүлэгт Уур амьсгалын өөрчлөлт) профессор Терри Каллаган болон бусад эрдэмтэд нь Ховд их сургуульд “Interact. SecNet” судалгааны олон улсын сүлжээг танилцуулах, гишүүнээр элсүүлэх зорилгоор зочилж байгаа аж.


Энэхүү сүлжээ нь анх Сибирийн талын байгаль хамгаалах сүлжээ байгууллагаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд тус хамт олон одоо цар хүрээгээ улам өргөжүүлэн ажиллаж байна. Иймээс Ховд аймаг, Ховд их сургууль гишүүнээр элсэж, цаашид харилцаа хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.    


Тус эрдэмтдийн багийг өнөөдөр (2022.08.25) аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд Их сургуулийн захирал Б.Гантөмөр болон бусад албаны төлөөлөл хүлээн авч уулзлаа. Энэ үеэр аймаг орон нутгийн онцлог, өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.  


Үүний дараа Нобелийн шагналт эрдэмтэн Терри Каллаган өөрийн судалгааны чиглэл, “Уур амьсгалын өөрчлөлт, Арктик орчмын экосистем” –ийн талаар лекц уншиж, туршлага хуваалцлаа.  


Сонирхуулахад, Терри Каллаган 1945 онд Англи улсад төрсөн.  1967 онд арктикийн ургамлын экологичоор ажиллаж эхэлсэн бөгөөд түүний судалгаа нь ургамлын экологиос эхлээд экосистемийн шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн чиглэлээр хөгжиж иржээ.  


Тэрбээр хэд хэдэн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж, олон төслийг удирдаж, Арктикийн болон дэлхийн томоохон байгууллагууд, байгаль орчны үнэлгээний багт IPCC хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн аж. Терри Каллаган 430 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ.  

Related news