Цаг агаар: Уулархаг нутгаар цастай 9 дүгээр сар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-09-01 15:34:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2022 оны 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.


АНХНЫ ЦАС ОРОХ ДУНДАЖ ХУГАЦАА

Анхны цас орсон өдрийн дундаж хугацааг 1981–2020 оны 8 – 10 дугаар сард ажиглагдсаныг зураглан харуулжээ. Зургаас харахад Алтайн салбар уулс болон Хөвсгөлийн уулсаар 9 дүгээр сарын дунд арав хоногийн сүүлээр, харин Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10 дугаар сарын дунд үеэр, бусад нутгаар 9 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр анхны цас орсон байна.


Есдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Баян–Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн өмнөд, Баянхонгорын хойд болон Хөвсгөлийн ихэнх нутгаар 0…+4 хэм, Говь–Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +14...+18 хэм, бусад нутгаар +5...+13 хэм дулаан байдаг гэж Цаг уурын байгууллагаас 2022 оны 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээнд тайлбар хийжээ.


Энэ сарын агаарын дундаж температур 1979–1997 оны хооронд 18 жил (1988 он ОЖД–ийн орчим) дараалан нийт нутгаар ОЖДаас 1–3 хэмээр хүйтэн байсан аж. Харин 1998, 2000–2003, 2005–2008, 2010, 2016, 2019 онуудад ОЖД-аас 1–3 хэмээр  дулаан байсан байна. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар сарын нийлбэр хур тунадас 25–35 мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм ордог байх юм.


Зарим жил ОЖДаас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Тухайлбал, 1982–1984, 1987–1989, 1991–1994, 1998–1999, 2003, 2015–2016, 2018, 2021 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байх жишээтэй. Харин 1980, 1995–1997, 2000–2002, 2004–2014, 2019 онууд харьцангуй бага хур тунадастай байжээ.

Алтайн өвөр говиор 9 дүгээр сард ОЖД-аас бага, Дорнод Монголын тал нутгаар ОЖД-аас ахиу хур тунадас орох төлөвтэй гэж онцолсон байна. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг нутгаар цас орох төлөвтэй байна. Иймд дээр дурдсан үеүдэд цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжтэй байхыг цаг агаарын урьдчилсан 9 дүгээр сарын тойм мэдээнд анхааруулжээ.


Монгол Улсын нутаг дэвсгэрийг доорх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говийн аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ.

Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаасан байдаг. Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийн тулах цэг нь болдог энэ нэршил алхам тутамд хэрэглэгддэг.


Баруун аймгуудын нутгаар. Увсын нутаг, Завханы хойд хэсгээр агаарын дундаж температур ОЖД-аас энэ сард дулаан байх бололтой. Бусад нутгаар дунджийн орчим байна гэжээ. Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр хур тунадас ОЖД-аас бага унах төлөв гарсан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Төвийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим энэ сард байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 хэмээр сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Зүүн аймгуудын нутгаар. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр энэ сард агаарын дундаж температур ОЖД-аас дулаан байх төлөв гасан байна. Хэнтий, Дорнодын зүүн өмнөд, Сүхбаатарын нутгаар хур тунадас ОЖД-аас ахиу орох төлөв гарчээ. Хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим байна гэжээ. Өмнөговийн баруун өмнөд хэсгээр хур тунадас ОЖД-аас бага орно. Дорноговийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөв гарсан байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд, болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр сэрүүснэ. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 14–16 м/с хүрэх буюу зарим үед 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй гэжээ.


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хувь хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна.

Related news