ОРХОН: Ч.Мөнхбаатар: Би олон хүнийг гартай болгож байгаадаа баяртай байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-07 14:53:09
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа хуруу, гарын сарвуу хийж буй Ч.Мөнхбаатартай уулзлаа. Тэрээр зураг, хөдөлмөрийн багш мэргэжилтэй. Их сургуулиа төгссөний дараа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нэгдүгээр 10 жилд багшилснаар ажлын гараагаа эхлүүлжээ. Ажилдаа ороод удаагүй байх үед нь сургуулийнх нь нэгэн сурагч галт тэргэнд хөлөө дайруулсны улмаас том таягтай хичээлдээ явж байгааг хараад түүний бэрхшээлийг бага ч гэсэн багасгахыг хүсч Улаанбаатар хот руу протезын үйлдвэр лүү дагуулж явсан гэдэг. Хүү ч “шинэ” хөлтэй болж Ч.Мөнхбаатар багш ч бусдад тустай шинэ бизнесээ эхлүүлэх сэдэл төрсөн  гэдэг.


-Та хоёр жилийн өмнө Монголд анх удаа хуруу, гарын сарвуу хийж байгаа тухайгаа цахимд бичсэн байсан. Одоо үйл ажиллагаа чинь хэр өргөжиж байна вэ?


-Дээр хэлсэнчлэн би сурагчийнхаа бэрхшээлийг багасгах гэж яваад энэ ажил руу орсон. Тэр үед гар, хөлөө тайруулсан хүмүүс маш их байгааг анзаарсан. Тэдэнд туслах бэрхшээлийг нь давахад юу тус болж болохыг эрж хайсан. Ингээд ямар ч гэсэн хуруу, гарын сарвуу хийж үзэхээр шийдээд интернэтээр мэдээлэл цуглуулсан. Тэгээд түүхий эдээ БНХАУ-аас аваад эхнийхээ хурууг хийж эхэлсэн. Хамгийн гол нь тухайн хүнийхээ арьс, биеийн онцлогт нь тааруулах хэрэгтэй байдаг. Тэгж ч хийхийг хичээж байгаа. Хамгийн анх нэг хүний хурууг хийсэн. Одоо 10 гаруй хүнийг “гартай” болгоод байна.


-Ийм бэрхшээлтэй хүн хэр олон байдаг вэ?

-Улаанбаатар хотын Гэмтэл, согогийн эмнэлэгт өдөрт дунджаар 150 хүн үйлчлүүлдэг юм билээ. Үүний 70-80 хувь нь хөл, гарын хуруугаа тасдуулсан, гэмтээсэн байдаг. Тэдний ихэнх нь үйлдвэрийн болон ахуйн ослоос үүдэж бэртсэн байдаг гэсэн. Ийм бэрхшээлтэй хүмүүст биед нь тохирсон гар, сарвуу хийдэг газар байдаггүй учир БНХАУ-аас протезын үйлдвэрээр дамжуулан захиалдаг гэсэн. Энэ нь зарим үед арьсны өнгө зөрөх, томдох, багадах тохиолдол гардаг учир би өөрөө хийж үзье гэж шийдсэн. Тухайн үйлчлүүлэгчийнхээ арьс, өнгөнд тааруулах, эвтэйхэн байх, үзэмжтэй байх гээд олон зүйлийг нь бодож хийдэг. Сүүлийн үед бас мэс засал, гэмтлийн улмаас хөл нь хатингиршиж өөрчлөгдсөн тохиолдолд хөлийн булчин нэмж хийж байгаа. Энэ нь гоо зүй талаасаа ч хүмүүст хэрэгтэй байдаг.


-Танай бүтээгдэхүүний үнэ бэлэн худалдаалж байгаа протезноос үнэтэй байдаг уу?


-Би гарын нэг хурууг 105 мянган төгрөгөөр хийдэг.  Учир нь ХХҮГ-аас портезын хөнгөлөлтөд нэг хурууг жишээ нь 105 мянган төгрөг байхаар тооцдог. Би тэр үнээр нь л хийдэг. Одоо даанч түүхий эдийн хомсдолд орчихоод байна.


Ч.Мөнхбаатар протезныхоо үйлдвэрийг анх 2019 онд байгуулахаар бичиг баримтаа бүрдүүлсээр 2021 оны 12 дугаар сард үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авчээ. Түүний үйлдвэрлэж байгаа хуруу, сарвуу, гарыг хүмүүс бээлий шиг өмсөж хэрэглэх бөгөөд хэрэглээнээсээ шалтгаалаад нэг жилийн дараа дахин хийлгэдэг байна.

Саяхан Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын протезын үйлдвэрийнхэн тэдний компанитай  хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

 

 

Related news