ДАРХАН-УУЛ: Намаржаандаа эрт бууснаас үүдэн ургац сүйтгэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-15 12:19:26

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Аймгийн хэмжээнд 14563 га талбайд үр тариа, 549 га-д малын тэжээл, 4808 га-д тосны ургамал тариалжээ.


Ургацын урьдчилсан балансаар 17.8 мянган тонн үр тариа, 1.9 мянган тонн тосны ургамал, 1.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой судалгаа гарчээ. Аймгийн ХХААГ-ын Агрономич О.Нэмэхбаяр энэ сарын 13-ны өдөр Орхон, Хонгор суманд ажиллаж, ургац хураалтын ажлын явцтай танилцлаа.

Нийт тариалсан улаан буудайны 5 гаруй хувийг, малын тэжээлийн 2.2 хувийг, рапсын 5.4 хувийг өнөөдрийн байдлаар хураан авсан. Тариаланчдын өмнө тулгамдаж буй гол асуудал нь малчид намаржаандаа эрт ирж байгаатай холбоотой мал орж ургацыг ихээр сүйтгэж байна. Иймд ургац сүйтгэхээс сэргийлэх, мал орох, тариалангийн талбайн ойролцоо бэлчээрлүүлэхгүй байх талаар орон нутгийн удирдлага малчид, ард иргэдийг дайчлан зохион байгуулах шаардлага тулгарч буйг тариаланчид хэлж байна. Аймгийн хэмжээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 54 аж ахуйн нэгж, 49 иргэн үр тарианы үйлдвэрлэл явуулж байна. Тариаланчид будаагаа гурилын үйлдвэрүүд болон улсын үрийн нөөцөд нийлүүлэх аж. Намрын ургац хураалтад үр тарианы 45 комбайн ажиллаж байна. Цаг агаарын хүндрэл болон техникийн саатал гарахгүй бол ургац хураалтад оролцож буй техникийн хүчин чадлын тооцоогоор 15-21 хоногт ургацаа хураан авах боломжтой аж.


Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд, их дээд сургуулийн удирдлагуудтай гэрээ байгуулан үр тарианы хураалтад уртын дадлагын есөн оюутан ажиллуулж байна.  

Related news