Сэргээгдэх эрчим хүч салбарын 18 хувийг эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-28 12:31:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрчим хүчний шилжилт" сэдэвт чуулган “Корпорайт конвеншн центер”-т болж байна. Чуулганаар Зүүн хойд Азид эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсгэж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, бүс нутагт тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлэх сэдвийн хүрээнд ярилцан хэлэлцэж байна.

Манай улсад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Энэ талын  төслүүд эрчимтэй хэрэгжиж эхэлж буй талаар Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад 200 мегаватт (МВт)-ын хүчин чадалтай салхины 3 станц, нарны эрчим хүчний 6 станц ажиллаж, цахилгаан дамжуулах төвийн сүлжээнд эрчим хүчээ нийлүүлж байна. Гэхдээ зарим станцын хувьд цэнэг хураах, цахилгаан хуримтлуулах хэмжээнд иж бүрэн тоноглогдоогүй учир  цаг агаарын нөхцөлөөс хамааран эрчим хүч үйлдвэрлэж байна. Иймд ирэх оноос хуримтлуур суурилуулах төслийн ажлууд эхэлнэ гэдгийг албаны хүмүүс мэдэгдэж байна.


Цаашид Дэлхийн банк болон АХБ-ны төсөл хөтөлбөрөөр, мөн баруун аймгууд сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр эрчим хүчний станцуудыг ашиглалтад оруулж буй талаар танилцууллаа. Өнөөдрийн чуулганаар сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд түвшний ААН-үүдийн  нийлүүлэлтийг Төвийн эрчим хүчний системд холбох зэрэг салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна.

 

Эрдэнбүрэнгийн УЦС ашиглалтад орвол манай улсын баруун бүсийг эрчим хүчний найдвартай, тогтвортой, бүрэн эх үүсвэрээр хангах нөхцөл байдал бий болж, үүнийг дагаад сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлээд явах боломжтой хэмээн оролцогчид онцолж байна. Өнөөдрийн үйл ажиллагаатай зэрэгцэн Баянхонгор аймгийн Байдраг голд “Усан цогцолбор” усан цахилгаагн станц байгуулах боломжтой талаар мэдээлж байна.

Өнөөдөр манай улсд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1400 мегаватт, нийт эрчим хүчний 18 хувийг, үйлдвэрлэлээр 10 орчим хувийг тус тус эзэлж байна. 


Сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэх нь эрчим хүчний салбарын ачааллыг хөнгөлөх, нийслэл болон аймгийн төв, томоохон суурин газрууд дахь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтойг чуулганд оролцогч нар хэлж байна. Манай улсад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний системийн найдвартай байдлаа хангах боломж байна. Гэвч ДЦС-уудаа өргөтгөх ажилтай холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний станцуудыг суурилуулах ажил буурсныг Эрчим хүчний зохицуулагч Б.Ерэн-Өлзий хэлэв. 


“Эрчим хүчний шилжилт” чуулган нь Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагааны хүрээнд болж байна.

Related news