ДАРХАН-УУЛ: “Өег гурил” ХХК олон улсын чанарын удирдлагын менежментийг нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-29 15:09:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт бүрэн автомат үйл ажиллагаатай дөрвөн гурилын үйлдвэр ажилладаг бөгөөд 125 мянган тонн үр тариа тээрэмдэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 35 мянган тонн гурил үйлдвэрлэж тав дахин их хэмжээгээр хэрэгцээг хангаж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ 120 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангадаг “Өег гурил” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Арваннэг дэхь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй тус компани Алапала группийн орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий бүрэн автоматжсан, хоногт 150 тонн үр тариа боловсруулах хүчин чадал бүхий таван давхар үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар 2013 оны 3 дугаар сараас эхлэн Өег гурил брэндийг Монгол улсын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргэжээ.

Тус үйлдвэр нь 2018 оноос эхлэн олон улсын чанарын удирдлагын менежментийн ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын HACCP стандартуудыг үйлдвэртээ амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.Монгол-Хятадыг дамнасан Улаанбаатар төмөр замын сүлжээний гол төв тэнхлэг болох Дархан өртөөнд байрладаг бөгөөд улаан буудай ачих, буулгах зориулалт бүхий бүрэн тоноглогдсон, 10 вагон зэрэг зогсох хүчин чадал бүхий бие даасан өөрийн замтай.

Өег гурилын үйлдвэр нь 2021 онд Монгол болон Хятад улсын хамтарсан мэргэжлийн байгууллагуудын хянан баталгаажилтад амжилттай хамрагдсан бөгөөд БНХАУ руу гурил экспортлох зөвшөөрлөө авчээ.

Цаашид бүтээгдэхүүнээ экспортлох, импортооор орж ирж байгаа үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, Туркээс мэргэжилтнүүд авчирч ажилтнуудыг дадлагажуулах гэх зэрэгт төр засгаас дэмжлэг хэрэгтэй байгаа талаар үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл ярьж байна.

Ирэх таван жилийн дотор хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн. Цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжих нь чухал гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ.

Related news