ОРХОН: УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-12 12:29:26
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, гишүүн Д.Батлут, Д.Өнөрболор, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Т.Аубакар нар Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд болон Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төлөвлөлттэй танилцлаа. 

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдлагууд  Үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ батлагдсан бөгөөд  одоо зураг төсөл, байгаль орчны үнэлгээ хийж байгаа тухай мэдээллээ.

Мөн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар 1217 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, цахилгаан, дулаан, уур, усан хангамж, төмөр болон авто зам, ариутгал татуурга, бохир усны өргөтгөлийн станц зэрэг дэд бүтцийн байгууламжуудын зураг төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаар батлуулан ажиллаж байна гэв.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлэхдээ, Үйлдвэрлэл, технологийн паркийн танилцуулгад Өнгөт металлургийн салбарын суурь Эрдэнэтэд байх ёстой. Зэсийн баяжмалын үйлдвэрийнхээ дэргэд, мэргэшсэн боловсон хүчин хангалттай, ажиллах хүчний том нөөцтэй энэ газар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашид эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй өндөр технологийн түүхий эд болох зэс нунтаг, зэс ялтас, зэс кабель, хоолой, цахилгаан тоног төхөөрөмж, эд анги, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх төр, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь нийгмийн өндөр ач холбогдолтой. 2050 он гэхэд дэлхийн зэсийн хэрэглээ 3 дахин өснө. Үүнд бид бэлтгэх ёстой хэмээн нэмж тодотгосон юм.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөж, валютын урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцлоод зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах, Засвар механикийн заводын өргөтгөлийн төслийг тэргүүн эгнээнд хэрэгжүүлэх зөвлөмж өглөө. 


Related news