ОРХОН: ЖДҮ-ийн сангаас хоёр аж ахуйн нэгж 200 сая төгрөгийн зээл хүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-13 09:43:21
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор дөрвөн төрлийн хөнгөлөлттэй зээл олгож байна. 


Үүний нэг нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх гурван хувийн хүүтэй зээл юм. Энэхүү зээл нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам-ын дагуу олгогддог.


Энэ онд хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн төслийг зургаадугаар сарын 6-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд орон даяар нэгэн зэрэг цахимаар авч эхэлсэн. Орхон аймагт 14 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс есөн аж ахуйн нэгжийн 1.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг цахим системд баталгаажуулан бүртгүүлжээ.


Эдгээрээс хоёр аж ахуйн нэгжийн материал сонгон шалгаруулалтад нийцэж тус бүр 100 сая төгрөгийн зээл хүссэн төслийг аймгийн Төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хурлаар хэлэлцэхээр боллоо.


ЖДҮХС-гаас Орхон аймагт 2019 онд долоон аж ахуйн нэгжид 823.2 сая төгрөг, 2020 онд долоон аж ахуйн нэгжид 481.0 сая төгрөгийн зээл олгосон бол 2021 онд цар тахлын нөхцөл байдал, эх үүсвэрийн улмаас зээл олгоогүй байжээ. 

Related news