БУЛГАН: Зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 84,8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-14 11:15:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 84,6, нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 84,8 хувьтай байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын гаргасан мэдээллээр энэ оны өнгөрсөн сарын байдлаар аймгийн хэмжээнд яаралтай тусламжийн эмийн хангалт 93.8, зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 84.7, нөхөн үржихүйн эм, хэрэгсэл 85.0 хувьтай байна.

         

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа: -Зах зээлд гарсан эмийн чанар, аюулгүй байдлын тандалт судалгааг тогтмол хийж байна. Эрүүл мэндийн болон нийтийн үйлчилгээний 16 эмийн санд эм зүйн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжиж байгаа хууль, журам, стандартын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийлээ. Эмийн чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт сул, эмийн гаж нөлөөг бүртгэх, мэдээлэх ажил тогтмолжоогүй, “Эмийн зохистой хэрэглээг” төлөвшүүлэх чиглэлээр хүн амын дунд сургалт, сурталчилгааны ажил хангалтгүй, эмийн санд хөтлөгдөх анхан шатны бүртгэл маягтуудыг бүрэн гүйцэд хөтлөөгүй, үйлчлүүлэгчээс сэтгэл ханамжийн судалгааг авч, дүгнэлт хийж ажиллаагүй зэрэг зөрчил дутагдал илэрч байна. Зөрчлийг арилгах зөвлөмж өгч ажилласнаар хэрэгжилт 82,0 хувьтай байна гэж ярилаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эмийн гаж нөлөөний дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна.


Аймгийн хэмжээнд хоёр эм ханган нийлүүлэх байгууллага, 38 эмийн  сан үйл ажиллагаа явуулдаг.

Related news