ДАРХАН-УУЛ: Уралдаанд ирсэн бүтээлүүдээс тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-10-14 19:11:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл, аймгийн “Ахмадын хөгжлийн төв” өнгөрсөн тавдугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд салбарын нийт гишүүд болон аймгийн зохиолч, нийтлэлч, идэвхтэн бичигтэн, хэвлэлийн төлөөлөгчдийн дунд “Ахмад настны эрхийг хангах нь” сэдвийн хүрээнд нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа.


Тус уралдааны зорилго нь ахмад настны нийгмийн олон талт харилцаанд идэвхтэй оролцох эрхийг нь хангахтай холбоотой тулгамдаж буй асуудал, бэрхшээл, эрх зүйн зөрчлийг хөндөх, тэднийг тэгш хамруулахад салбар бүрийн оролцоог хангах, ахмад настны оюуны болон биеийн эрүүл мэнд, сэтгэл зүй, чадвар, бүтээмж, онцлог хэрэгцээг таниулах, тэдэнд хүртээмжтэй орчныг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд нөлөөлөх, сайн жишээг сурталчлах, сорилт бэрхшээлийг шийдвэрлэх гарц шийдлийг хамтдаа тодорхойлоход оршиж байна.


Уралдаанд оролцогчид зохион байгуулагчдын өгсөн 13 зорилтын хүрээнд  телевизийн нэвтрүүлэг, сонин, сайтын нийтлэл, радиогийн нэвтрүүлэг бэлтгэн хүргүүлэх аж. Уг зорилт нь:


Ахмад настнуудын талаарх цэгцтэй ойлголтыг түгээж, эерэг хандлагыг хэвшүүлэх

Ахмад настнуудын чадамж, бүтээмж, онцлог хэрэгцээг таниулах

Ахмад настнуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хөндөн гаргах

Ахмад настны эрх зөрчигдөж буй асуудлуудыг хөндөх, гарцыг эрэлхийлэх

Ахмад настнуудад дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх

Ахмад настнуудын боловсролын үйлчилгээг сайжруулах

Ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах

Ахмад настанд үзүүлэх нийгмийн хөгжлийн үйлчилгээг сайжруулах

Ахмад настан үзүүлэх шинэлэг үйлчилгээг таниулах сурталчлах

Ахмад настны хөдөлмөрийн чадамж, хөдөлмөр эрхлэлтийг сурталчлах, дэмжих

Ахмад настны оролцоо, манлайллыг дэмжих, сурталчлах

Ахмад настнуудын мэдлэг, туршлагыг өвлүүлэх, алдаршуулах

Нийгмийн харилцаанд оролцогч хуулийн этгээдүүдийн /хувь хүн, ААНБ/- ын нийгмийн хариуцлагыг олон нийтэд сурталчлах, таниулах зэрэг сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлсэн, баримтад тулгуурлан бүтээлээ бэлтгэх ажээ.


Урд өмнө нь ахмадуудын өмнө тулгамдсан асуудлыг хөндсөн бүтээл, нийтлэл нэвтрүүлгийг өргөн хүрээнд хийж байгаагүй аж. Харин редакцийн хүрээнд хийж тулгамдсан асуудлыг хөндөн шийдвэр гаргах түвшний байгууллагуудад хаяглах, үр дүнг эргэн мэдээлдэг байсан. Тиймээс Дархан-Уул аймгийн хэмжээнд анх удаа ахмад настны эрхийг хангах чиглэлээр нээлттэй бүтээлийн уралдааныг зарлаж байна.


Уг бүтээлийн уралдааныг зохион байгуулснаар ахмад настны талаарх иргэд, олон нийтийн ойлголт нэмэгдэж, сөрөг хандлагыг өөрчлөх, салбар дундын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, ахмад настанд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замын гарц гаргалгааг олох, олон улсын шинэлэг үйлчилгээ, туршлагатай танилцах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид онцолж байна.


Мөн холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлэх ажээ. Ингэснээр бүтээлийн уралдаанаас тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлж Дархан-Уул аймгийн нийт ахмадын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх, төр засгийн бодлого шийдвэр тусгуулах зэрэг ач холбогдолтой аж.


Бүтээлийн уралдаанд оролцогчид уралдааны зорилтод тулгуурлан уран бүтээлээ туурвих бөгөөд хуулийн заалт бусад тогтоол шийдвэрийг дурдах бол үнэн зөв бодит байдлыг нягтлах, хувь хүн, албан тушаалтан, албан байгууллагын нэр хүндэд халдахгүй, илтэд нэг талын эх сурвалжийг үндэслэн бэлтгэхгүй байх шаардлагыг тавьж байгаа аж. Бүтээлийн уралдаан энэ сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Шилдэг бүтээлийн эздийг Улс тунхагласны баярын өдрөөр тодруулах аж.


Нийт гурван сая төгрөгийн шагналын сантай уг уралдаан телевизийн, радиогийн, цахим нийтлэлийн бүтээл гэсэн гурван төрлөөр бүтээлийг хүлээн авч тус бүрээс шилдэг гурван бүтээл шалгаруулж шагнан урамшуулах аж.


Ташрамд, аймгийн “Ахмадын хөгжлийн төв” нь УИХ-ын гишүүн, сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгээр “Эрүүл, идэвхтэй, оролцоотой амьдрал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд МСНЭ-ийн салбар зөвлөлтэй хамтран “Ахмад настны эрхийг хангах нь” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зохион байгуулж байна.

 

  

Related news