ОРХОН: Урьдчилан сэргийлэх үзлэгт 2220 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-30 11:47:10
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг 106.9 мянган хүн амтай бөгөөд өнөөдрийн байдлаар 2220 иргэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад байна. 

Аймгийн хэмжээнд эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд 46-60 насны иргэд идэвхтэй хамрагдаж байгаа бол 18-30 насны иргэдийн идэвх муу байна. Үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн дунд улаан хоолой, ходоодны сөөргөө, үрэвсэл, зүрхний архаг өвчлөл, артерийн даралт ихсэх, бамбайн зангилаа зэрэг өвчлөлүүд илэрч байгааг Эрүүл мэндийн дэмжих төвийн захирал Л.Тунгалагтамир хэллээ. 

Орхон аймагт Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс үзлэгт хамрагдах иргэд рүү утсаар холбогдож урилга илгээснээр, үзлэгийн эрх нээгдэж байна. Харин 18-30 насны иргэдээс урилга шаардахгүй тул тус насныхан ажлын өдрүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвд үзлэгт хамрагдах боломжтой ажээ.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан иргэд 14 хоногийн дараа Эрүүл мэндийг дэмжих төвийн 209 тоот өрөөнөөс шинжилгээний хариуг авах юм. 

Урьдчилан сэргийлэх үзлэг 2022 оны тавдугаар сарын 1-нээс Эрүүл мэндийн сайдын 139-р тушаалын дагуу улс орон даяар эхэлсэн. Үзлэг нэг жилийн туршид үргэлжлэх бөгөөд Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, дундаж наслалтыг уртасгах, амьдралын чанарыг сайжруулах зорилготой юм.

 

Related news