ОРХОН: Х.Одбаяр: Эцэг эхчүүд “School police”-г маш хариуцлагатай хийх хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-30 12:09:58
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Зам тээврийн ослын улмаас хүүхэд гэмтэх болон амиа алдсан тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Х.Одбаяраас тодрууллаа. 


- Орхон аймагт он гарсаар хүүхэд хохирсон зам тээврийн осол хэд бүртгэгдсэн бэ? 
-Орхон аймагт 2022 оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн 11 ослын улмаас 12 хүүхэд бэртэж, гэмтсэн харамсалтай тоон мэдээлэл гарсан. Үүнийг 2019 онтой харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлттэй байна. Цар тахлын хөл хорионы үед энэ төрлийн осол бага бүртгэгдэж байсан ч энгийн амьдралд шилжсэнээр нэмэгдэх хандлагатай байна. Осолд өртсөн хүүхдүүдийн ихэнх нь 8-14 насныхан бөгөөд хичээл эхлэх, тарах цагт явган зорчигч хэлбэрээр зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн байна.  


- Он гарсаар аймгийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь хохирсон тохиолдол гарсан уу? 

- Зам тээврийн ослын улмаас нэг хүүхдийн амь хохирсон. Энэ осол орон нутгийн замд буюу Жаргалант сумын нутаг Бага хөшөөтийн даваанд болсон. Хүүхдийг буруу тээвэрлэж явсны улмаас ослын үед хүүхдийн амь хохирсон. Энэ мэт хүүхдийг буруу тээвэрлэх нь эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Тиймээс хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хурдаа тохируулан зам тээврийн хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Эцэг эхчүүд хүүхдийн хамгаалалтын суудлын ач холбогдлыг ухамсарлаж байнгын хэрэглээ болгож чадахгүй байгаа нь хамгийн харамсалтай. 


- Хүүхэд зам тээврийн осолд өртөх нөхцөл, шалтгаан юу байдаг вэ? 
- Хүн бүр ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОГЧ байдаг. Та жолооч, эсвэл явган зорчигч уу гэдгээс үл хамааран замын хөдөлгөөний дүрмийг ягштал сайн мэддэг, биелүүлдэг байх шаардлагатай. Бүртгэгдсэн ослын 95 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй, хариуцлагагүй, соёлгүй жолоочийн буруугаас болж хүүхдүүд осолд өртөж амь, эрүүл мэндээрээ хохироод үлддэг. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол буурахгүй байгаа нь хамгийн их анхаарал хандуулах зүйл болоод байна. Түүнчлэн бага насны хүүхдүүд гэрэл дохио харахгүй гүйх, замын зорчих хэсэгт тоглох, эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй, хараа хяналт сул байх нь осолд өртөх гол шалтгаан болдог. 


- Бага насны хүүхдүүд осолд өртөж байгаа нь ихэвчлэн томчуудын буруутай үйлдлээс шалтгаантай байгаа нь харамсалтай. 

- Болзошгүй осол аваар “БОЛЗОШГҮЙ” л байдаг. Та дүрмээ сайн мэддэг чадвартай жолооч байж болох ч тантай зэрэгцэн чадваргүй маш олон жолооч зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгааг мартаж болохгүй. Жолооч хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, орчин тойрныг сайтар нягталж, дүрмийн дагуу соёлтой, хүлээцтэй зорчих хэрэгтэй. Таны ганцхан хормын анхаарал болгоомжгүй байдал маш том эрсдэл дагуулж байдаг. 


- Бага насны хүүхдүүдэд зам тээврийн хөдөлгөөний дүрмийн мэдлэг хэрхэн олгох вэ? 
- Хүүхдийг аливаа осол гэмтлээс сэргийлэхийн тулд эрсдэлийг тооцоолох хэрэгтэй. Тухайн хүүхэд хичээлд ирэхдээ хэдэн автобус дамждаг, хэдэн гарцаар зам хөндлөн гардаг зэргийг тодруулж хөдөлгөөнд оролцох дүрмийн мэдлэг олгох, аюулгүйн зааварчилгаа өгөх шаардлагатай. Зарим тохиолдолд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэд буруу үлгэр дуурайл үзүүлдэг тал бий. Хүүхэд өөрөө томчуудын толь байдаг. Гэтэл хүүхдээ хөтөлж зам гарахдаа улаан гэрлээр, гарцгүй газраар гарах нь эргээд маш буруу үлгэр дуурайлал болж дараагийн удаа ингэж болно шүү гэдгийг бодитоор үзүүлчихдэг. Тиймээс томчуудын нөлөө маш их. Бид хайртай үрсээ хамгаалахын тулд өөрсдөө хичээх хэрэгтэй. 


- Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс “School police” ажиллуулдаг. Үүний хэрэгжилт, үр дүн хэр байгаа вэ?

- Он гарсаар дөрвөн хүүхэд сургууль орчмын бүсэд явганаар зорчиж байхдаа зам тээврийн осолд өртсөн. Энэ нь аймгийн хэмжээнд “School police” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна. Эцэг эхчүүд хөдөлгөөнт эргүүл хийж, зам тээврийн хөдөлгөөн зохицуулах үүргээ ял хэлбэрээр хүлээн авч, ач холбогдол өгөхгүй байгаа нь хамгийн харамсалтай. Үүнээс үүдэн хүүхдүүд сургуулийн орчинд бусдад дээрэлхүүлэх, дарамтлуулж, зодуулах, зам тээврийн осолд өртөж амь, эрүүл мэндээрээ хохирох үүдэл нөхцөл болж байна. 


- Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд ямар ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа вэ?

- Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хүүхдийг аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх олон ажил зохион байгуулж байна. Тухайлбал, “Хичээл эхэллээ”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн.

Мөн Замын цагдаагийн тасгийн албан хаагч, аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүдэд сургууль, цэцэрлэгүүдийг хариуцуулан өгч байгаа. Ингэснээр сургуулийн орчинд үйлдэгдэж буй хэрэг зөрчил буурах, сурагчид энэ төрлийн мэдээлэлтэй болж өөрсдийгөө хамгаалах олон талын ач холбогдолтой. 


-Баярлалаа. 

Related news