ХОВД: Алтай суманд эко саван, лаа үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-31 14:26:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид малын гаралтай түүхий эд боловсруулж, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ.

Тодруулбал,  Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн санхүүжилтийн тэтгэлэгт уралдаанд  Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас бүрдсэн “Азын дөрвөн бэрх” баг шалгарч,  “Бяцхан үйлдвэрлэгчид” төсөл хэрэгжүүлэн, санхүүжилт авсан байна.

Улмаар өөх, тос болон жимс, ногоо зэргийг боловсруулж, эко саван, лаа үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх замаар орлого олж байна.

“Ихэнх хүмүүс байгалийн гаралтай саван муу хөөсөрдөг, бохирдлыг сайн арилгадаггүй гэдэг.  Харин эдгээр сурагчдын хийсэн саван сайн хөөсөрч, бохирдлыг арилгадаг. Хүний биед сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн” гэж  Азын дөрвөн бэрх багийн гишүүд хэллээ.


Сумандаа үйлдвэрлэл явуулахын тулд малчдаас өөхөн тос хямдхан авч байна. Өдөрт  дунджаар 20-30 ширхэг саван, 10 ширхэг лаа үйлдвэрлэдэг. Сард 200-300 мянган төгрөгийн орлого олдог аж. 


Алтай сумын иргэд сурагчдын хийсэн эко саван, лааг ихэд сонирхон авч байгаа бөгөөд сурагчид бүтээгдэхүүнийхээ загвар хийц, өнгө үзэмж, сав баглаа боодлыг сайжруулахад анхаарч байна.
Сургуулийн зүгээс мөн тус багийн гишүүд, сурагчдыг дэмжиж, үйлдвэрлэл явуулах өрөө гарган өгчээ.

Сурагчид бичил төсөл хэрэгжүүлж орлого олох замаар санхүүгийн боловсрол эзэмшиж, багаар ажиллах чадвараа дээшлүүлж чадсан гэж Алтай сумын Азын дөрвөн бэрх” багийн гишүүн Б.Хонгорзул онцоллоо. 



 

Related news