ГОВЬ-АЛТАЙ: Өрх бүр угийн бичгээ хөтөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-07 15:33:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газраас санаачлан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын төвтэй хамтран НҮБ-ын хүүхдийн сангийн санхүүжилтээр “Өрх бүрт соёлыг түгээе” үйл ажиллагааг есдүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд 17 сум 1 тосгоны хэмжээнд амжилттай зохион байгуулсан.


Энэ ажлын хүрээнд өрх бүр угийн бичгээ хөтлөх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, гэр бүлийн эрүүл, аюулгүй амьдрах дадал хэвшил, ахуйн соёлыг сурталчлах зорилготой тус үйл ажиллагаа нь давхардсан тоогоор 5000 гаруй хүнд хүрсэн бөгөөд Угийн бичгийн сургалт арга зүйг өрх бүрт хүргэх “Өрхөөр айлчлагч” 133 сургагч багшийг бэлтгэсэн байна. Уг үйл ажиллагааг энэ өдрүүдэд аймгийн төвд зохион байгуулах бөгөөд цаашид сум бүрт бэлтгэгдсэн “Өрхөөр айлчлагч” сургагч багш нар ажлын төлөвлөгөө боловсруулан угийн бичгийн сургалт арга зүйг өрх бүрт хүргэж ажиллах ажээ. Ингэснээр өрх бүр угийн бичгээ хөтөлдөг болно хэмээн Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас мэдээлсэн юм.

Түүнчлэн “Өрх бүрт соёлыг түгээе” үйл ажиллагааны хүрээнд сум бүрийн 8-12 дугаар ангийн сурагчдад “Чихэрлэг яриа” чөлөөт ярилцлагын цагийг өрнүүлж үндэсний соёлын мэдлэг, чадвар, дадалтай эх оронч иргэн байх нөлөөллийн ажлыг зохион байгуулж хандлага болон хүмүүжил төлөвшилд чиглэсэн лекц ярилцлагуудыг хүргэжээ.

Мөн иргэд, төрийн албан хаагчдад “Соёлын тухай ойлголт”, “Угийн бичиг хөтлөхийн ач холбогдол”, “Гэр бүлийн боловсрол” “Ундны усны эрүүл ахуй ба орчны эрүүл ахуй” сэдвээр мэдээллийг хүргэсэн бөгөөд үсчин, маникюр, гоо сайхан, гутал засвар, гар, утас телевизор засвар зэрэг ахуй үйлчилгээг сум бүрт хүргэж ажиллалаа тухай нэмж мэдээллээ.

Related news