Монгол орны нутагт буй хадны зургийн дурсгалаас дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн 20 жилийн ойд зориулан БШУЯ, Монголын Үндэсний музей хамтран “Хаданд сийлсэн эртний урлаг” тусгай үзэсгэлэнг нээлээ.
Хадны зураг эртний нүүдэлчдийн түүхийн нэгэн чухал сурвалж,
тухайн үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм оюун санааны хөгжлийн олон талыг
тусгасан археологийн дурсгал юм.
Монгол орон нь хадны сийлмэл зургийн дурсгалаар дэлхийд
хамгийн баялаг орны нэг төдийгүй тэдгээрийн агуулга, зохиомж, түүх соёлын үнэ
цэн зэргээрээ судлаачдын анхаарлыг зүй ёсоор татдаг.
Хадны зураг бол зөвхөн монгол орны түүх, соёлын өв төдийгүй
дэлхийн хүн төрөлхтний соёлын өв байгаль дээрээ хадгалагдан үлдсэн үнэт архив
билээ. Иймд Монгол Улсын төдийгүй нийт хүн төрөлхтний соёлын өвийн нэг болсон
хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, залуу хойч үед өвлүүлэн үлдээх,
сурталчлан таниулах ач холбогдолтой гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид
онцолж байна.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн хэлэхдээ, “Манай орон хадны зургаар асар баян. Манай хүрээлэнгийн бүртгэлд 500 гаруй дурсгалт газар бий. Нэг дурсгалт газарт хэдэн мянган хадны зураг бий. Тухайлбал, Алтай хадны зураг гэхэд 10 мянга гаруй байна гэж үздэг. Хадны зураг бол хэн нэгэн сайн дураар зурж үлдээсэн зүйл биш, урлагийн бүтээл юм. Хадны зураг бол монголчууд бидний өвөг дээдсийн үлдээсэн өв соёлоос гадна дэлхийн өв юм гэдгийг энэхүү үзэсгэлэнгээр үзүүүлэхийг зорилоо” гэв.
Үзэсгэлэнд хадны зургийн ерөнхий ангиллын дагуу хадны сийлмэл зураг, зосон зураг гэсэн бүлэгт хуваан монгол орны нутагт буй хадны зургийн дурсгалаас 100 гаруй шилмэл зургийг сонгон дэлгэн үзүүлж буй юм.
Х
Тус үзэсгэлэн олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй сарын турш үргэлжилнэ.