ГОВЬ-АЛТАЙ: Өрхийн эмч нар олон нийтийн эрүүл мэндийн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-11 11:46:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Олон нийтийн эрүүл мэндийн анхан шатанд сургагч багш бэлтгэх” сургалт гурван хоногийн турш Алтай хотноо үргэлжилнэ.


НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь улсын хэмжээнд Баянзүрх дүүрэг, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь аймагт хэрэгжиж буй юм. Төсөлд хамрагдаж буй дээрх аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд сургалтын анхан шатны мэдлэгээ цахимаар авсан бол энэ удаа танхимаар мэдлэг чадвараа ийнхүү ахиулах ажээ.


Танхимын сургалтад Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгоны өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмч хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдэх бөгөөд сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн Баянзүрх дүүрэг дэхь төслийн зөвлөх эмч Оюунхүү явуулах юм. Олон нийтийн эрүүл мэндийн ажилтны үүрэг, тэднийг иргэн-эмнэлэг хоёрын гүүр болон ажиллуулах талаар ярилцаж, чиглүүлэх зорилгоор энэхүү  сургалтыг зохион байгуулж байгаа тухай Оюунхүү эмч ярилаа. 

Сургалтаар эх хүүхдэд хэрхэн тусламж үзүүлэх вэ, агаарын бохирдолтой хэрхэн тэмцэх, жирэмсэн эмэгтэйчүүд болон шинэ төрсөн эхчүүдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх, цаашлаад цар тахал болон олон нийтийг хамарсан халдварт өвчний үед хэрхэн ажиллах талаар зөвлөмж мэдээлэл хүргэх аж. 

Сургалтад хамрагдаж буй өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч нар сумандаа очоод орон нутгийнхаа удирдлагуудтай хамтран ямар хүмүүсийг энэхүү төсөлд татан оролцуулж, олон нийтийн эрүүл мэндийн ажилтан болоход татан оролцуулах, тэдэнд анхан шатны мэдлэг мэдээллийг олгох,цаашлаад байнгын хамтран ажиллах юм.


Related news