ОРХОН: БНПУ-ын Өргөмжит консулын газар байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-22 13:57:22
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/.  Орхон аймагт Бүгд Найрамдах Польш Улсын Өргөмжит консулын газар байгууллаа.


Нээлтийн үйл ажиллагаанд БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко, Орхон аймагт суух Өргөмжит консул О.Хулан болон орон нутгийн удирдлагууд оролцов.

 

Элчин сайд  Кшиштоф Бойко үйл ажиллагааг нээж  хэлсэн үгэндээ, “Польш улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн баяр тохиож буй энэ өдрүүдэд Орхон аймагт БНПУ-ын Өргөмжит консулын газар нээгдэж байгаад баяртай байна. Хоёр орны худалдаа эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн бодитоор хөгжүүлэхэд Орхон аймаг дахь Өргөмжит консул чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.  


Мөн аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Манай аймагт хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд есөн сая еврогийн санхүүжилттэй “Хатуу хог хаягдал ангилах ялгах үйлдвэр байгуулах, хог хаягдал татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл” хэрэгжиж байгаа. Тун удахгүй үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллана гэдэгт итгэлтэй байна. Цаашид олон салбарт энэ мэт хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.


Өргөмжит консулын газрын нээлтийн үйл ажиллагааны үеэр Польшийн соёлын өдөрлөгийг зохион байгуулж, тус улсын дуучин ая зохиогч, импровизатор Анна Мария Ёопек уран бүтээлийн дээжсээсээ толилууллаа.


Орхон аймагт суух Өргөмжит консул О.Хулан Румын Улсын Бухарест хотын Эдийн засгийн академи, Их Британийн, Лондон, Режент сургуулийн англи хэлний курс, Их Британийн Нортумбрия Ньюкасл ( University of Northumbria Newcastle) их сургуулийн Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр төгсжээ. Мөн Их Британийн Уэльсийн их сургууль ( University of Wales), Кардифф, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй юм. О.Хуланг Өргөмжит консулаар таван жилийн хугацаатай томилжээ.



 

 

 

Related news