Хятад-Монголын харилцааг гурамсан хөдөлгүүрээр урагшлуулахуй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-29 15:46:08

БЭЭЖИН. /CGTN/. Монгол Улсыг БНХАУ-тай холбосон гурав дахь төмөр зам буюу Зүүнбаян-Хангийн төмөр зам 11 дүгээр сарын 25-нд ашиглалтад орсноос хоёрхон өдрийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хятад улсад хоёр өдрийн төрийн айлчлал хийлээ.


Хөрш хоёр орон нь "COVID-19" цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, нэг нэгэндээ хонь болон цай харилцан бэлэглэх замаар энэ цар тахлыг дарахын тулд эв санаагаар нэг буйгаа илэрхийлцгээж байснаас гадна янз бүрийн салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр ирсэн юм.


БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзахдаа, “Манай хоёр орон нь улс орнууд хоорондын төр засгийн харилцааны сайн үлгэр жишээ болсон” хэмээн цохон тэмдэглэсэн.


Олон улсын тавцанд тогтворгүй бөгөөд тодорхойгүй байдал өсөн нэмэгдэж буй энэ цаг үед нийтлэг ирээдүйтэй хамтын нийгэмлэг байгуулах, хоёр улсын ард түмний аж амьдралыг улам бүр дээшлүүлэхийн тулд хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэхийн төлөө БНХАУ Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна гэж Ши Жиньпин хэлсэн байна.




Гурамсан хөдөлгүүр

Хоёр талын харилцааны цаашдын хөгжлийг гурамсан хөдөлгүүрээр урагшлуулахыг буюу “Бүс ба Зам” санаачилга болон Монголын “Талын зам” хөгжлийн стратеги, “Дэлхийн хөгжлийн санаачилга” болон Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”, Хятадын “Хоёр алхам” стратегийн төлөвлөгөө болон Монголын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого хоорондын уялдаа холбоог гүнзгийрүүлэх нь зүйтэй гэж Ши Жиньпин хэлсэн байна.


Ши Жиньпин бүс нутгийн харилцаа холбоо болон эдийн засгийн интеграцыг сайжруулах зорилгоор 2013 онд “Бүс ба Зам” санаачилгаа танилцуулж байсан түүхтэй.


Харин Монголын санаачилсан эдийн засгийн төлөвлөгөө буюу “Талын зам” хөгжлийн стратеги нь хөрш зах зээлүүдтэй худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.


Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомт, эрчим хүч, аж үйлдвэр болон ногоон хөгжил зэрэг салбарт иж бүрэн шинэчлэл хийх зорилтуудыг тусгасан байна.


Хятад улс эдийн засаг, худалдаа, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гүн боловсруулах зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн буйг Ши Жиньпин даваа гарагт илэрхийлсэн.


Мөн Монголын “Тэрбум мод” хөдөлгөөнийг Хятад улс дэмжиж буй бөгөөд цөлжилттэй тэмцэхийн тулд Хятад-Монголын  хамтын ажиллагааны төв байгуулах боломжийг судалж үзэхээ тэрбээр мэдэгдсэн байна.


Түүнчлэн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт, Хятад-Оросын байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх төслийн хэрэгжилтийг хөхиүлэн дэмжихээ БНХАУ-ын дарга илэрхийлжээ.


БНХАУ-ын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Жиньжоу боомтоос Монгол Улсын Чойбалсан хотоор дамжин Финландын нийслэл Хельсинки хүрэх Хятад-Европ чиглэлийн анхны чингэлэгт галт тэрэг энэ оны наймдугаар сард хөдөлсөн нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор бий болгох төлөвлөгөөтэй нийцэж буй юм.



10 тэрбум ам.доллар давлаа

Шинэчлэлийн замаар үндэсний сэргэн мандалтад хүрэхээр тэмүүлж буй БНХАУ нь улс орныхоо хөгжил цэцэглэлтийг ахиулаад зогсохгүй хөрш орнууд болон дэлхий нийттэй хөгжлийн боломжуудыг хуваалцах болно гэж У.Хүрэлсүхэд Ши Жиньпин хэлжээ.


БНХАУ нь Монголын хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд худалдааны хамгийн том түншийн байр сууриа сүүлийн 18 жил дараалан хадгалсан. Өнгөрсөн онд хоёр талын худалдааны хэмжээ түүхэндээ анх удаа 10 тэрбум ам.доллар давсан юм.


Өдгөө Хятад болон Монгол Улс хоорондын худалдаа нь Монголын нийт гадаад худалдааны 60 гаруй хувийг бүрдүүлж байна. 


Гаалийн мэдээнээс үзвэл, энэ оны эхний 10 сарын хугацаанд хоёр талын хийсэн худалдааны хэмжээ 9.68 тэрбум ам.долларт хүрчээ.


Дэлхийн энх тайван, хөгжлийн төлөө хүчин чармайлтаа нэгтгэхүй

Дэлхийн энх тайван, хөгжлийн төлөө хамтдаа хүчин чармайлт гаргахаар хоёр улсын удирдагчид даваа гарагт тохиролцсон байна.


Олон улсын харилцааны шинэ хэлбэрийг хөгжүүлж, хүн төрөлхтний хувьд нийтлэг ирээдүй бүхий хамтын нийгэмлэгийг цогцлоон бий болгоход хувь нэмрээ оруулахыг Ши Жиньпин хоёр талд уриалжээ.


БНХАУ болон Монгол Улс нь Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд бөгөөд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нийтлэг ашиг сонирхол ихтэй улсууд гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэсний сацуу жинхэнэ олон талт үзлийг хамтдаа хамгаалж, олон улсын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг хадгалахын төлөө БНХАУ Монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн буйг илэрхийлсэн байна.


Өдгөө олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал ээдрээтэй, адармаатай буйг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цохон тэмдэглээд, Азийн үнэт зүйлсийг хамгаалж, энэ тивийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжихийн төлөө хоёр тал хамтран ажиллах нь зүйтэй гэжээ.


Дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, дэлхийн хөгжил болон НҮБ төвтэй олон улсын тогтолцоонд Хятад улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хятад улстай олон улсын үйл хэрэгт харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжлийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулахад бэлэн буйгаа Монголын тал мөн илэрхийлсэн юм.


Мөн Хятад улсын санаачилсан “Дэлхийн хөгжлийн санаачилга” болон “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг Монгол Улс дэмжиж буйг У.Хүрэлсүх хэлсэн байна. 


Related news