СЭЛЭНГЭ: Сургуулиуд дизайн технологийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-26 15:17:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 31 сургуульд дизайн технологийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжтэй боллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олгож буй дээрх төхөөрөмжийг ЕБС-ийн удирдлагуудад аймгийн Засаг дарга гардуулан өглөө.

Тус хөтөлбөрийн хүрээнд бүх сургууль өмнө нь биологийн хичээлийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнтэй иж бүрэн танхимуудтай болсон юм.

 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны А/60 дугаар тогтоолоор “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” арга хэмжээг баталж, 2021-2024 онд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд цаашид ерөнхий боловсролын сургуулиудаа физик, химийн хичээлийн тоног төхөөрөмжтэй болгох, багш нарыг үе шаттайгаар зөөврийн компьютерээр хангаж, сургууль бүрийг стандарт шаардлагад нийцсэн ширээ сандалтай болгох зорилт тавьжээ.  

Аймгийн Засаг даргын зүгээс цаашид сургуулиудад яг юу хэрэгтэй байгаа судалгаагаа гаргаж, илүү байгаа зүйлээ бусадтайгаа хуваалцах багийн ажиллагааг хангаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангах ажлыг хийе хэмээн хэллээ.


Энэ нь хүүхдийн сурч мэдэх, амьдрах ухаанд суралцах, сургалтын чанарт ахиц гарахад, мөн хүүхэд бүрийг хөгжүүлэхэд нөлөөлсөн том хөрөнгө оруулалт болохын зэрэгцээ сурах таатай орчин бүрдэж байгаа юм.

 

Сүхбаатар сумын лаборатори 4-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Солонго:”Миний хувьд энэ хичээлийг 6 дахь жилдээ сонгон суралцаж байна. Гэвч энэ хугацаанд хэрэглэгдэхүүн маш их хомс байсан. Гэртээ болон сургууль дээрээ илүү онол талаас нь судалдаг байсан. Өнөөдөр иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй болсноор илүү практик талаас нь хүүхдүүд өөрийн биеэр судалж, илүү  ойлголттой болох боллоо” гэв.

Мөн ингэж сургалтын танимуудыг байгуулж өгснөөр хүүхдүүдийн бүтээлч сэтгэхгүй илүү хөгжих, хамгийн гол нь суурь боловсролтой болоход ач холбдол өгч байна хэмээн эцэг эхийн төлөөлөл ярив.


“Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ хэрэглэгдэхүүн зайлшгүй хэрэгтэй байсан. Өмнө нь хүртээмжтэй хэрэглэгдэхүүн байгаагүй учраас хүүхдүүд хоцрох тохиолдол байв. Одоо бол хүүхдүүд тухайн зүйлийг бодитоор туршиж, хийж үзэх учраас илүү чадваржих боломж бүрдэж байгаа” хэмээн дизайн технологийн багш Б.Гүнжилмаа ярилаа.     

Related news