БАЯНХОНГОР: У.Балжинням: Сумдын 90 орчим хувьд зудын эрсдэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-01-09 09:05:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга У.Балжиннямаас өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар тодрууллаа.


-Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээгээр Баянхонгор аймгийн 90 орчим хувь нь зудын өндөр эрсдэлтэй гэж гарсан. Өнөөдрийн байдлаар Хангайн нуруугаа дамнасан Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Эрдэнэцогт, Шаргалжуут, Өлзийтийн чиглэлд 5-10 см, жалга гуунд 60 орчим см цасан бүрхүүл буюу цагаан зудтай байна. Тал хээрийн бүс Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо зэрэг сумаар отрын мал нэлээд ирсэн, хараар зудархуу байдалтай байгаа. Говийн сумдын хувьд зуншлага тааруу байсны улмаас өвөлжилтөөс илүү хавартаа нэлээн хүндрэх төлөв ажиглагдаж байна. 


-Баянхонгор аймгийн хэмжээнд хэчнээн мал өвөлжиж байна вэ?

-Аймгийн хэмжээнд 2023 оны урьдчилсан дүнгээр 3.7 сая толгой мал тоолууллаа. Гадны аймаг руу 37 мянган толгой мал, гадны аймгаас манай аймагт 56 мянган толгой мал ирж отроор өвөлжиж байна. Нийтдээ 3.7 сая гаруй мал манай аймагт өвөлжиж байна гэсэн дүн мэдээтэй байна.


-Аймаг орон нутгаас нөхцөл байдалтай холбогдуулж ямар ажил, үйл ажиллагаа хэрэгжүүлж байна? 

-Аймаг, орон нутгийн зүгээс хүндрэлтэй байгаа хангайн найман суманд өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг түшиглэн шуурхай штаб байгуулан, сумдад чиглэл өгч, сум бүрд өвөлжилтийн шуурхай штаб байгуулах ажлыг нэгдсэн зохион байгуулалттай удирдлагаар ханган ажиллаж байна.

Түүнчлэн олон улсын байгууллагуудтай хамтран өвөлжилт хүндэрч байгаа сумдад тусламж, дэмжлэгийн ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтраад хангайн 6 сумын 200 өрхөд нийт 300 мянган төгрөгийн мөнгөн тусламж, 150 өрхөд 300 хүртэлх мянган төгрөгийн эд материалын багц олгох ажлыг зохион байгуулж байна. 


-Өвс, тэжээлийн бэлтгэл, нөөцийн тухайд? 

-Зам даваа хаагдахаас өмнө буюу өнөөдрийн дотор аймгийн өвс, тэжээлийн нөөцийг хүндэрч буй сумдад байршуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1148 тонн өвс, 1195 тонн тэжээл аюулгүйн нөөцөд бий. Энэ жил аймгийн хэмжээнд малчдын түвшинд өвс, тэжээлийн бэлтгэл 30 хувьтай байсан. Энэ нь өвс, тэжээлийн үнэ нэлээд өндөр, малчдын эдийн засгийн боломж тааруу байгаатай холбоотой.

Related news