ХЭНТИЙ: НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөр Хэнтийд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-01-09 14:50:40
Хэнтий /МОНЦАМЭ/ НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Бага насны хүүхдийн хөгжлийн зөвлөх Л.Цэндсүрэн тэргүүтэй зочид төлөөлөгчид Хэнтий аймагт ажиллав.
Энэ үеэр төлөөлөгчдийг аймгийн орлогч дарга Л.Батсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг нар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, тус аймгийн өсвөр насны хүүхэд, сурагчид сэтгэл зүйчийн зөвлөгөө шаардлагатай байгааг дурдахын зэрэгцээ хүүхдийн эрүүл мэндийн асуудал тэр дундаа шүд, ходоодны өвчлөлд анхаарах шаардлагатай байгааг хэлэв.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан “Боловсролын сэтгэл зүйч бэлтгэх хөтөлбөр хэдийн хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэв танай аймгаас хамтарч ажиллах боломжтой гэвэл сэтгэл зүйч бэлтгэх болон хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр кампанит ажил өрнүүлж болно” гэв.
Мөн энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч “Бага насны хүүхдийн цогц хөгжил”-ийг дэмжих стратегийн талаар танилцуулж, уг бодлого төлөвлөлт Хэрлэнбаян-Улаан тосгонд хэрэгжих гэж байгааг дуулгалаа. Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе болох бага насны хөгжил, боловсролыг дэмжих нь насан туршийн ухаалаг хөрөнгө оруулалт болохыг орчин үеийн олон судалгаа нотолж буйг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч дурдсан юм.


Related news