ОРХОН: Цар тахлын хоёр жилд 4.2 тэрбум төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-09 16:13:59
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн удирдлагууд 2020-2021 онд коронавирусний халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлын нэгдсэн тайланг олон нийтэд танилцууллаа. 

Халдварт цар тахлын үед төрийн байгууллагын 4300 гаруй албан хаагчаас эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн газар, Шуурхай штабын нийт 1300 гаруй албан хаагч ажиллажээ. 
Цар тахлын жилүүдэд иргэд, аж ахуй нэгжээс биет болон мөнгөн хандив ирүүлсэн байна. Тодруулбал 2020 онд 28 иргэн 45 аж ахуйн нэгж байгууллагаас 167 сая төгрөгийн мөнгөн хандив, 4 иргэн 34 аж ахуй нэгж байгууллагаас 20,3 сая төгрөгийн биет хандив ирүүлжээ. 
Харин 2021 онд зургаан аж ахуйн нэгж хуулийн этгээдээс 8,5 сая төгрөг хандивласныг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн бөгөөд есөн иргэн, найман аж ахуй нэгж байгууллагаас 10,4 сая төгрөгийн биет материалын хандив ирүүлсэн байна.

2020 онд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд 1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 2021 онд Орхон аймаг тусгаарлах байрны төлбөр, хамгаалах хувцас хэрэгсэл, эрүүл мэндийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоол, унаа, тээврийн зардал, явуулын шинжилгээний цэг, хяналтын цэг ажиллуулах зэрэгт нийт 3.2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Орхон аймаг 104 мянган хүн амтай бөгөөд нийт хүн амын 35 гаруй хувь нь коронавирусний халдвараар өвчилсөн бөгөөд 49 иргэн нас баржээ.

Related news