ӨМНӨГОВЬ: Төрийн сангийн нэгдсэн удирдлагын цахим системийг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-24 11:21:33

Өмнөговь/МОНЦАМЭ/  Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан Сангийн яамнаас "цахим систем"-ийг 2023 оны 1 дүгээр сараас нэвтрүүлж байна.


Төсвийн байгууллагуудын санхүүгийн гүйлгээ болон мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэн төрийн сангийн төлбөр тооцоог цахимжуулах ажил улс орон даяар хийгдэх юм.

Ингэснээр УИХ болон аймаг, сумын ИТХ-аар баталсан төсвийн хэрэгжилтийг түргэн шуурхай зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааны хяналтыг сайжруулахаас гадна төсөв, санхүүгийн ажилтнуудыг зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлж, цаг хугацаа, зардал хэмнэж, цахим мэдээллийг цаг алдалгүй солилцож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.


Төрийн сангийн удирдлагын цахим системийн сургалтыг Сангийн яамны Төрийн сангийн газрын Төслийн зохицуулах зөвлөх Ц.Ариунсанаа ахлагчтай төслийн баг, Эрхийн бүртгэлийн сангийн төслийн ахлах зөвлөх Б.Алтанзул, Төрийн сангийн удирдлагын цахим системийн төслийн зөвлөх Б.Цэлмэгтуяа нар танхимын сургалтыг Даланзадгад суманд ирж  зохион байгууллаа.


Сургалтад Өмнөговь аймгийн төвийн болон сумдын төсвийн байгууллагын 1, 2-р гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнууд, 15 сумын санхүүгийн албаны дарга, төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн зэрэг 330 хүн хамрагдлаа.


Төслийн зөвлөх  Ц.Ариунсанаа:


     2023 оноос эхлээд санхүүгийн төлбөр тооцоо, төсвийн захиран зарцуулж байгаа зарлагын гүйлгээг цахимаар буюу албан тасалгаанаасаа шууд хийх боломж бүрдэж байгаа юм. Төрийн сангийн цахим системийн сургалтыг 2023 оноос эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 15 дахь аймагтаа зохион байгуулж байна. Сургалтаар бэлэн болсон 4 модулыг танилцуулж, цалин төлбөр тооцоо бүхий л үйл ажиллагаанд шинэ системээ нэвтрүүлэхээр 3 зөвлөхийн хамт ажиллаж байгаа. Энэхүү ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс, сумдын бүх мэргэжилтэнд талархал илэрхийлье.

Өөрчлөлтийн тухайд бол бид өнгөрсөн хугацаанд төлбөрийн хүсэлтийг төсвийн байгууллагууд зайлшгүй сумынхаа төрийн сангийн нэгж эсвэл аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст хүсэлтээ дагалдах баримт бичгийн хамт биечилж авчирч өгдөг байсан бол энэ оноос эхлээд албан тасалгаанаасаа цахимаар төлбөр үүсгээд цахимаар илгээдэг болж байгаа. Тухайн цахимаар ирсэн мэдээлэлд төрийн сангийнхан үндэслээд төлбөр тооцоог дамжуулах эсэхээ шийдэгддэг болж байна. Үүнийг дагаад үүсч байгаа эерэг үр дагавар бол цаасны хэрэглээ багасч байгаа юм. Төрийн сангууд дээр өдөр болгоны архив үүсдэг байсан нь мөн цахимаар үүсдэг болно.

Мөн аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгч иргэдийн тухайд нэхэмжлэхээ тухайн байгууллага дээрээ цаасаар өгдөг байсан бол одоо нэгдсэн системд цахимаар үүсгээд тэрийг нь хүлээн авагч тал буюу төсвийн байгууллага цахимаар хүлээн авч баталгаажуулаад төлбөр тооцоо хийх боломжтой болсон гээд давуу талууд байна..Энэ хүрээнд юу хийх вэ гэхээр татвар ноогдох орлогын баазын эх үүсвэр сайн бүрдэнэ.

Онцлон хэлэхэд бизнес эрхлэгчид газар зүйн байршлаа зөв тодорхойлж өгснөөр татварын орлогын хуваарилалтад эерэг нөлөө үзүүлнэ. Тодруулбал тухайн аймагт хийж байгаа бизнесийн орлого татварын хуваарилалтаар буцаад орон нутгийнхаа төсөвт орох боломжийг бүрдүүлэхэд эерэг нөлөөтэй юм.

Related news