ДОРНОГОВЬ: Нэг өдрийн аяллаар юу үзэж болох вэ?
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Нийслэлээс зүүн өмнө зүгт 450 км засмал замаар давхиад Дорноговь аймгийн Сайншанд хотод ирсэн хүн нэг өдрийн аяллаар юу үзэж болох тухай товчхон өгүүлье.
Заавал машинаар гэлтгүй галт тэргээр хямд зардлаар зорчих боломжтой. Галт тэргээр аялах сонирхолтой хүн Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргэнд үдшийн 20.30 минутад сууж шөнөжин давхисаар өглөө нар ургах мөч буюу 06.40 минутын үед Сайншандад ирнэ. Долоо хоногийн таван өдөр тогтмол ажилтай хүмүүс баасан гаргийн үдэш амралтын өдрүүдийг тааруулж аялахад тохиромжтой.
Тасалгаат купе том хүн нэг талдаа 38400 төгрөг, хүүхэд 15900 төгрөг, нийтийн (Нийтийн/общий ) том хүн 13400 төгрөг, хүүхэд 3600 төгрөг, хагас унтлагын (Унтлагын/плацкарт ) том хүн: 23700 төгрөг, хүүхэд 12000 төгрөгийн зорчих тарифаас сонгох боломжтой юм. Гурваас дөрвөн хүн баг болоод ирвэл такси унаа авахад илүү боломжтой.
Галт тэрэгнээс буусан өглөө Сайншандын төмөр замын вокзалаас өдрийн 20-25 мянган төгрөгөөр хөлсний таксинд суугаад хамгийн ойр аялал жуулчлалын бүс Хамарын хийдийг зорино. Аяллын завсраар Хамарын хийд дэх хоолны гэрүүд, гурван замын уулзвар дахь жуулчны баазад зочилж гүнцэг барина. Хавар, зун, намрын алинд ч ирэхэд говь нутгийн сонин сайхныг үзэж сонирхох боломж дүүрэн бий.
Үзэх газрууд:
Хамарын хийд
Эхний үзэх газар бол Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт буй XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаагийн 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар байгуулсан Хамарын хийд. Хамарын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн дөрвөн хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийд, 500 гаруй ламтай байсан.
Хамарын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт
Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл
газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ.
Тэдгээр үлдсэн зүйлийг Хамарын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл
ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа
явуулдаг. Ноён хутагт Д.Данзанравжаа улааны
шашныг монгол хүний бие, оюун санаанд хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн
үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байсан ба Хамарын хийдэд Монголын
анхны театрыг 1830-аад онд “Намтар дуулах дацан“ нэртэйгээр байгуулжээ. Энэ
нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг.
Хамарын хийдэд театраас гадна “Хүүхдийн дацан” нэртэй сургуулийг байгуулж,
хүүхэд багачуудаас гадна эмэгтэйчүүдийг сурч боловсорч бичиг үсэгтэй болохыг
дэмжиж байжээ.
Өвгөн суварга
Дараагийн орох газар бол Хамарын хийдтэй
хаяа залгаа оршдог үлэмж том Өвгөн суварга билээ. 1823 онд Ноён хутагт анх
энэхүү суваргыг Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй,
нутаг орноо ган зудгүй, амар жимэр аж төрөхийн тухайд бүтээн байгуулсан боловч
1937 онд буулгасан. Иймээс Монголын хамгийн том энэхүү суваргыг дахин шинээр
сэргээн бүтээж 2011 онд нээлтээ хийсэн юм.
Шинээр бүтээсэн 32 м уг суваргын таван талд
язгуурын таван бурхан залж, оройд нь соёмбо байршуулжээ. Уламжлалын дагуу
тарнийн хүчийг оршоож, олон боть цай, арц, иж бүрэн тавилгатай таван ханатай
хоёр гэр, бурхан шүтээн, улааны шашны номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны
шуумал дүр, торго дурдан зэргийг шүншигт нь хийсэн байна.
Мөн оройн хэсгийн бунхан дотор Ноён хутагтын номлосон сургаалийн дагуу жинхэнэ шүншгийг нь хийж битүүмжилжээ. Гол амин мод буюу сорогшинг Минжийн хангайгаас залсан бөгөөд уг суваргын дотор орших бурхан шүтээн, хана туурганы чимэглэл сэлт нь хүний хараа булааж, бишрэл төрүүлэм дахин давтагдашгүй ур хийцтэй, шашин урлаг соёлын гайхамшигт дурсгал болсон юм. Өвгөн суварга бол урд зүгээс ирэх аюулыг гэтэлгэж байдаг ч гэж үздэг.
Шамбалын орон буюу Энергийн төв
Говийн тавдугаар дүрийн Ноён хутагт
Лувсанданзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд
Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд
залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсан
гэдэг. Хамарын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай
хэмээн үзэж Шамбалын оронд зорчих цэгийг тодорхойлжээ. Шамбалын орны эзнийг
Улаан хүлэг баатар байдаг хэмээн үздэг. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн
үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн
утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орныг тойруулан суварга
бүхий хашаа босгыг тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан. Шамбалын орон 25
хаадтай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном
уншдаг.
Бурхны мэлмий
Шамбалын орны үүд хэмээн нэрлэгддэг хана бөгөөд бурхны мэлмийг
дүрсэлсэн байдаг. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж байсан
гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээнэ. Энэ мэлмийг ширтэж
бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгаснаар засал ном
уншуулаагүй хүмүүст засал болж байдаг.
Бясалгалын агуй
Хамарын хийдийн цогцолбор газарт эрт үед
даяанч нар сууж, бясалгал үйлдэж байсан 108 агуй, эхийн умай, өвчин, гэм
арилгагч хад, сүсэгтнүүд сакура хэмээн нэрийддэг бүйлс модтой жалга судаг бүхий
эргэл мөргөлийн газрууд болон Луутын цав хэмээх улаан, шар, хөх шавартай, дов
толгод бүхий сонин тогтоцтой цав бий. Эндээс Иогундант хэмээх өвсөн тэжээлт
аварга үлэг гүрвэлийн ясыг судлаачид олжээ. Мөн өөр бусад төрлийн үлэг
гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтдын болон ургамлын
үлдэгдэл мэр сэр тохиолдоно.
Сакура
Хавар буюу дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхээр ирвэл говийн буйлс сакура дэлгэрэхийг үзнэ. Хамарын хийдийн орчимд Шамбалын орны дэргэд цэцэглэдэг Сакура мод жил бүрийн хаврын тавдугаар сарын эхнээс дэлбээгээ чимдэг учир үүнийг үзэх гэсэн жуулчид, хувь хүмүүс албан байгууллагаараа, оюутан, сурагчид анги хамт олноороо амралтын өдрийг сонгон Хамарын хийдийг зорьдог уламжлалтай болсон.
Говийн тавдугаар ноён Хутагт Лувсанданзанравжаад нэгэн самурай шавь орсон бөгөөд 3 жил шамбалын оронд шавилан сууж нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон сакура тарьж өгсөн домогтой.
Эдүгээ хутагтын музейд тэр самурайн сэлэм хадгалагдан үлдсэн байдаг. Сакура цэцэг нь ноён гэгээнтний бясалгал хийж байсан 108 агуйн ойролцоох жалгыг даган ургасан байдаг.
Хүсэл биелүүлэгч Ханбаянзүрх хайрхан
Хийдээс баруун хойно 20 км гаруй зайд Хан
Баянзүрх хэмээх уул байдаг бөгөөд нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул
гэх мэтээр нэрлэж иржээ. Энэ уулыг эртнээс тахиж ирсэн уламжлалтай. Уулын оройд
байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан шүншиг, ганжир, хадаг,
хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ. 1930 оноос өмнө овооны орой нь
Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий
ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан,
Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий
хэмээн судлаачид үздэг. Чин сэтгэлээсээ мөргөж залбирч чадвал хүсэл биелдэг
гэдэг билээ.
Хотоос зорин ирсэн зочин гийчний нэг
өдрийн аялал Сайншанд дахь ноён хутагтын музей, аймгийн музей үзсэнээр өндөрлөж
бямба гаргийн 19.30 минутад Сайншанд-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд
сууж шөнөжин давхисаар ням гаргийн өглөө Улаанбаатарт ирнэ. Хамарын хийд, энергийн
төв, Хүслийн уулнаа зорчсон хүн жилийн заслаа хийлгэсэн мэт сэтгэл дүүрч бодол
тэгширдэг билээ.