Д.Амарбаяр: Ерөөлийг бурхны номтой адилтган сүсэглэж хүлээж авдаг хүн олон байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-01-30 15:51:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, МУСТА, Ерөөлч, магтаалч Даваасүрэнгийн Амарбаяртай хөөрөлдлөө.


-Таны хувьд хэдий үеэс энэ төрлийн авьяастайгаа мэдэж, ерөөл хэлж эхлэв?

-Би хөдөөний малчин хүн. Адуу голдуу маллаж ирсэн. 4, 5 настайгаасаа хүнтэй хөөрөг барьж тамхилдаг, бэлэн цэцэн үгтэй байсныг хүмүүс хэлдэг. Үг, толгой холбож мэндийн үг хэлдэг, үдэж мордуулахдаа ерөөлийн хэдэн үг хэлчихдэг байсныг нутгийн хөгшид их өхөөрддөг байсан гэлцдэг. Тэгээд ер нь 15 настайгаасаа олон хүний өмнө, баяр ёслол, хурим найрт ерөөл хэлж эхэлсэн.


-Анх хаана, хэрхэн ерөөл хэлж байв?

-Дээр үеийн нэг алдарт ерөөлчийн хуурцаг олж аваад, сонсогдох хэсгийг нь цээжлээд, сонсогдохгүй хэсэгт нь нэмж үг оруулаад анхны ерөөлөө гаргаж байлаа. Тэр хуурцгийн зарим хэсэг нь зажилчихсан /зурагдчихсан/ бүрэн тоглогддоггүй байсан нь надад харин ч олз болсон гэж хэлж болно. Тэгэж өөрийгөө “нээж”, ерөөлч болохоор шийдсэн байдаг. Түүгээрээ хурим найрт Гэрийн ерөөл хэлж эхэлсэн нь 15 настай байх үе маань.


-Ерөөлч болоход дур сонирхол, дадлага сургууль, төрөлхийн өгөгдөл аль нь илүү чухал вэ?

-Бүгд ижил хувьтай гэж бодож байна. Өгөгдөл байгаад хөгжүүлэхгүй бол нэмэргүй, дур сонирхол, хичээл зүтгэл байгаад авъяасгүй бол хэрэггүй. Бүх зүйлийн тун таарч байж л бүтэх хэрэг. Харин хамгаас чухал нь гэвэл үгийн сангийн баялаг шүү.


-Таны хувьд 15 настайгаасаа олны өмнө гарч ерөөж эхэлсэн гэж байна. Тэгэхээр хэдий үеэс нь та өөрийгөө ерөөлч болчихлоо гэж бодсон байдаг бол?

-Жолооч болоод жуулчны машин барьж, эх орны дөрвөн зүг, найман зовхист дотоод, гадаадын аялагчдад түүхэн дурсгалт, үзэсгэлэнт газруудыг үзүүлж явахдаа ерөөлчийн замнал маань илүү хөгжсөн гэж боддог. Жолоо барихаас гадна зорчигчдоо уйдаахгүйн тулд дуулна, элдэв үүх түүх судалснаа хуваалцана. Хамгийн чухал нь тэр үед, үзэж харсан уул ус нутаг орноо ерөөж, магтаад явдаг байсан. Энэ болвоос ийм дүртэй, тийм түүхтэй, ийм тийм уул ус байна гэж ирээд л бэлэн цэцэнлэж /тухайн үедээ шууд зохион хэлэх/ байсан минь томхон туршлага болсон. Тэгж монгол орноо тойрч явсныхаа дараа 21 аймгийг магтсан “Монгол бахархал”-аа бичсэн байдаг. Түүнээс хойш Адуун сүрэг, Бөх, Монголын цадиг, Чингис хаан зэрэг ерөөлүүд ар араасаа гарсан. Тэгээд Баянхонгор аймгийн “Хүрэн морь” яруу найргийн наадамд тэргүүн байр эзэлж байсан. Шүлэг бичихээр л ерөөлийн тал руу орчихоод байдаг “зуршилтай”. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг холбож бичдэг онцлогтой. Түүний дараа Ерөөлчдийн улсын уралдаанд анх оролцохдоо гуравдугаар байрт шалгарч, тэргүүний Ардын авьяастан болсон. Тэдгээр үнэлгээний дараа өөрийгөө Ерөөлч гэж хэлдэг болсон доо.


-21 аймгийн ерөөлийг тань бүтнээр нь сонсож байсан юм байна. Маш их мэдээлэлтэй, нэлээд хөдөлмөр шингээж бүтээсэн нь ажиглагдсан. Энэ төрлийн ерөөл бараг ганц байх шүү?

-Магадгүй, яг тэгж нэг бүрчлэн ерөөсөн ерөөл байхгүй байх. Ерөөл бичихэд мэдээлэл их чухал. Өнгөрсөн, одоог нэлээд судалж, ирээдүйг зөгнөж бичдэг. Мэдээлэл, үгийн баялаг аль алийг нь сайтар ашиглах шаардлага гардаг.


-Улсын уралдаанд оролцож байхад Ерөөлийн төрөл зүйл ажиглагдав уу?

-Би бол Халх ерөөлч. Монгол орон, уул ус, ард түмний тухай ерөөж магтдаг.


-Урын санд тань хэчнээн ерөөл, магтаал байна вэ?

-60 шахам ерөөлтэйгөөс байнга уншигддаг нь 15-16 байгаа болов уу. Бүх үгийг нь өөрөө зохиосон. Бүтээлийнхээ дээжээс багтаасан “Айлтган барих ерөөл” нэртэй CD-г худалдаанд гаргасан, борлуулалт сайтай шүү.



-Ерөөл хэлдэг хүний аж амьдрал, ажил үйлсдээ эрхэмлэх болоод цээрлэх зүйл нь юу байдаг бол?

-Өөрийгөө бодол ухаан, үг ярианаасаа эхлээд ариун байлгахад анхаардаг. Урд өдөр нь хэрүүл маргаан хийчихээд маргааш нь айлын найран дээр ерөөгөөд явахад зохимжгүй. Урилга, заллагатай үеүддээ миний хувьд аль болох бодол санаа цэгцтэй байлгахад анхаарч, мэддэг маани мэгзэмээ уншиж, арц хүжээр ариулаад гардаг.


-Ерөөл магтаалыг эхлүүлээд дуусгах хүртэл юу мэдэрдэг вэ? Үзэгчийн зүгээс миний хувьд ерөөлийг сонсоход нэг сайхан ариусаад авсан шиг мэдрэмж төрдөг. Харин уран бүтээлч нь юу мэдэрдэг бол?

-Нээрээ л ариуссан мэдрэмж төрдөг шүү. Сэтгэл цэлмээд ирдэг.


-Жилийн хамгийн эрэлттэй, завгүй өдрүүд тань хэзээ байдаг бол?

-Намрын дунд сарын шинийн 17. Хурим найрын заллага их байдаг. Өнгөрсөн жил л гэхэд гурван аймгаас найрын заллага ирсэн. Нэгэнд нь буюу Өвөрхангай аймагт биеэр очсон. Нөгөө хоёрт нь учраа хэлэхэд Өөрөөр чинь ерөөлгөнө гээд, Эрдэнэт хот, Завхан аймгийн хосуудад цахим сүлжээгээр дүрст мэндчилгээ дэвшүүлж ерөөсөн.


-Ерөөл биелэлээ олсон байхыг харах сайхан байх л даа. Тийм жишээ дурдаж болох уу?

-2018 оны өвөл. Төмөр замд ажилладаг гээд нэг залуу фэйсбүүкээс миний ерөөлүүдийг олж үзсэн гээд, гэртээ залж ерөөл айлдуулмаар байна гэж холбогдсон. Ямар баяр юм бол гэхээр баяр биш ээ, ерөөсөө л танаар гэртээ ерөөл айлдуулмаар байна гэдэг юм. Гайхаад лавлатал, гэргийтэйгээ таван жил ханилаад үр хүүхэдтэй болохгүй байгаагаа хэлээд танаар ерөөл айлдуулъя гэсэн. Урьд нь тийм заллагатай таарч байгаагүй тул их гайхсан ч, итгээд хандаад байгаад нь олзуурхаад эргэж хариу хэлье гээд тасалсан. Тэгээд өдөр судар харж байгаад билэгт сайн өдрийг товлоод, олон хүүхэдтэй айлаас хүүхдийн эдэлж хэрэглэж байсан оймс олоод байж байгаарай гэсэн. Тэгээд л нөгөө өдрөө очоод гэрийн ерөөл, үр хүүхдийн ерөөл хайрлаж, хүүхдийн оймсоор даллуулсан. Тэд ч лам, бөө залсан шиг итгэж, сүсэглээд л их сэтгэл хангалуун үлдсэн юм. Тэгсэн чинь намар нь нөгөө залуу утасдаад эхнэр жирэмсэн болсон, дүү нь хүүтэй болж байгаа, Баярлалаа ах аа гээд хэлсэн. Санаанд тод дурсамж нь тэр байна.


-Бурхны ном айлдуулдагтай ижил зүйл болжээ дээ.

-Бурхны номыг монгол хэлэнд хөрвүүлэхээр ерөөл байдаг гэдэг юм билээ. Лам нар ч ерөөлд их сүжигтэй байдаг шүү.



-Ерөөл магтаалыг суръя гэсэн хүн юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Бага залуу наснаасаа үгийн баялгаа сайжруулж, их зүйл уншиж судалж, дасгал сургууль сайн хийх хэрэгтэй.


-Ерөөлийг шууд зохиогоод хэлэх нь их л сонин байдаг. Тэгэхээр манай сайтыг одоо шууд ерөөж болох уу.


Дэлгэр Монгол орондоо болж байгаа

Дээдийн дээд үйл явдал, мэдээллийг

Дэлхийн олны сонорт хүргээд

Дээд заяат түмнээ дэндүү гайхуулдаг бахдам үйлстэй


Алтан сонорт ариун бүхнийг хүргэж байдаг

Аатай сайн ажилтнуудынх нь

Үгэн уурга нь урт

Үзгэн уурга нь хурц байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн барьж, хүндэтгэн айлдъя


Өнөр Монгол орноо

Өргөн дэлхийд сурталчилж яваа

Ариун цагаан үйлст нь

Ажил хөдөлмөрийн дээдийн ерөөлийг өргөн барьж, хүндэтгэн айлдъя


Өргөн барьсан ерөөлийн

Өлзий хутаг дэлгэрч

Өлмий батжиж

Өнө мөнхөд жаргаж явахын өлзийт ерөөлийг өргөе.


-Танд баярлалаа. Асуултгүй хором...

-Дэлдэн хоёр чихтэй, дэрс бутаар гүйдэлтэй бор халзан туулай жилдээ олз омог ихтэй, ажил үйлс нь өөдрөг тэнүүн байхыг нийт монголчууддаа ерөөе. Удахгүй 21 аймгийнхаа сонсогч, үзэгч түмэнтэйгээ ерөөлийн цэнхэр хадгаа барин уулзан учрахын ерөөл дэвшүүлье.

Related news