ДОРНОГОВЬ: Өрсөлдөх чадварын үнэлгээгээр хоёр жил дараалан тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-01 12:18:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр 21 аймгийн өрсөлдөх чадварын судалгааны тайланг танилцуулдаг. 2022 оны судалгаагаар Дорноговь аймаг 21 аймгаа манлайлж хоёр жил дараалан тэргүүн байрт эрэмбэлэгджээ.

Засаглалын үр ашиг болон дэд бүтцээр Дорноговь аймаг  тэргүүлсэн бол эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг, бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг шалгарсан байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас эхлэн ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жил Дорноговь аймаг эхний байрт эрэмбэлэгджээ. Түүх сөхвөл, Дорноговь аймаг Монгол Улсын хэмжээнд 21 аймгаас  2017 онд VIII байр,  2018 онд IV байр,  2019 онд III байр, 2020 онд II байр, 2021 онд I байр, 2022 онд мөн амжилтаа бататгаж I байрт шалгарсан байна  

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд 175 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог аж. Дорноговь аймагт Засгийн газраас хэрэгжүүлж буй газрын тосны үйлдвэр, шинэ төмөр замын бүтээн байгуулалт, орон сууцны хороолол, уул уурхайн баяжуулах үйлдвэр хийгээд дэд бүтцийн томоохон ажлууд өрнөж байна.  

Related news