БУЛГАН: “Нээлттэй Булган” хөтөлбөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-02-01 14:09:57

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ “Нээлттэй Булган” хөтөлбөр баталлаа. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэн хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилгоор аймагтаа шилжин ирж суурьшин ажиллаж амьдрах, иргэд, ААН, байгууллагыг угтан авахад шаардагдах бэлтгэлийг хангах, төрийн үйлчилгээг ойлгомжтой, шуурхай болгох замаар аймаг, сум орон нутгаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм.

2022 оны байдлаар 61,9 мянган хүн амтай бөгөөд үүний 25.5 хувь буюу 15,7 мянга нь аймаг, сумын төвд, 74.5 хувь буюу 46,1 мянга нь хөдөө амьдарч байна. Хүн амын хэтийн төлөвөөр 2040 он гэхэд 73,0 мянгад хүрэх аж. 2021 оны байдлаар нийт хүн амд эзлэх ажиллах хүчний хувь 64,0 байсан бол 2040 онд 59,0 хувь болж буурахаар байна.

2020 онд шилжин ирсэн хүний тоо 1468 байсан бол 2021 онд энэ тоо 804 болж даруй 45,0 хувиар буурчээ. 2010-2020 онуудад шилжин ирсэн хүний тоог тухайн жилийн хүний тоотой харьцуулахад дунджаар 2,0 хувь, шилжин явсан хүний тоог 2,6 хувь байсан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга М.Батчимэг:

- Хүн амын шилжин явсан хүний тоо шилжин ирсэн хүний тооноос жил бүр өндөр байгаа. Өнгөрсөн 10 жилийн тоон мэдээлэл дээр үндэслэн тооцоолж үзвэл жил ирэх тусам шилжин ирсэн болон явсан хүний тоо буурах хандлагатай байна. Манай аймгаас Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймаг руу шилжих явдал хамгийн их байна. Иймд бид аймаг орон нутгийнхаа хүн амын шилжилт хөдөлгөөний нөхцөл байдалд дүгнэлт хийж ирэх жилүүдэд өөрсдийн нөөц боломж, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалдаа тулгуурлан хүн амын шилжин ирэх урсгалыг дэмжсэн тусгайлсан бодлого, хөтөлбөр гарган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсч байна гэж ярилаа. 

Related news