ӨМНӨГОВЬ: Гэмт хэргийн гаралт аймгийн хэмжээнд 21 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-02-09 13:49:53

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн ГХУСАЗСЗ-ийн ажлын хамтарсан баг сумдад ажиллаж, салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт хийж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудыг харилцан ярилцаж үүрэг чиглэлүүдийг өглөө.


Өмнөговь аймгийн хэмжээнд өнгөрсөн 2022 оны 12-р сарын байдлаар 550 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 2021 оны мөн үетэй харьцуулахад 97 нэгжээр өсчээ. Үүнээс 188 нь буюу 36.1 хувь нь Даланзадгад суманд, 145 буюу 26.3 хувь нь Цогтцэций суманд, 106 буюу 19.2 хувь нь Ханбогд суманд үйлдэгдсэн нь нийт үйлдэгдсэн хэргийн 439 буюу 79.8 хувь нь эдгээр сумдад үйлдэгдсэн тоон мэдээлэл гарчээ.


Тиймээс гэмт хэргийн зөрчил ихтэй байгаа Ханбогд, Цогтцэций, Гурвантэс зэрэг суманд илүү анхаарч ажиллахаар ажлын баг шийдвэрлэсэн байна. Тус зөвлөлийн хуралд Цогтцэций, Ханбогд сумын салбар зөвлөл, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагууд ирж оролцжээ.



Эдгээр сумдад уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байдаг бүс нутгийн хувьд явуулын хүн амын төвлөрөл, хөдөлгөөн ихтэй байдаг. Тиймээс гэмт хэргийн зөрчил буурдаггүй байнгын өсөлттэй байдаг.

Өмнөх жилүүдэд олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж биелэлт өндөртэй үнэлэгддэг ч гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаа юм. Ажлын баг энэ чиглэлд тухайн бүс нутагт ажил хэрэгжүүлж байгаа алба хаагчдаас саналыг сонсож харилцан ярилцсан аж.

Тухайн бүс нутгуудад гарч байгаа гэмт хэрэг зөрчлийн 80 гаруй хувь нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалан гарч байна. Мөн хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл багагүй хувийг эзэлж байгаа талаар Цогтцэций сумын ИТХ-ын дарга ярилаа.

Гэмт хэрэг зөрчлийг бууруулах ажилд зөвхөн төрийн байгууллагууд ажиллаад хүч хүрэхгүй, иргэдийн ухамсрыг нэмэгдүүлж, иргэд, гэр бүл, олон нийтийн байгууллагуудыг татан оруулж хамтын хүчээр төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг албаныхан онцоллоо.




Өмнөговь аймгийн ГХУСАЗСЗ нь 2022 онд хэрэгжүүлэхээр 28 заалт бүхий ажлын төлөвлөгөөг зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж, гүйцэтгэл 100 хувьтай хэрэгжсэн байна. Харин 2023 оны ажлын төлөвлөгөөг 2 дугаар сарын 2-ны өдөр хэлэлцэн 31 заалт бүхий ажлыг хэрэгжүүлэхээр баталжээ. 


Аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга  Б.Батдорж


Гэмт хэргийн гаралт өнгөрсөн 2021 оны мөн үетэй харьцуулан үзэхэд 2022 оны 12-р сарын байдлаар 21 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Тиймээс бид гэмт хэргийн гаралт яагаад нэмэгдээд өсөөд байна гэдэг дээр анализ, дүгнэлтийг хийсэн. Өмнөговь аймагт хамгийн их гэмт хэрэг үйлдэгдэж байгаа Цогтцэций, Ханбогд, Гурвантэс, Даланзадгад гэсэн сум байна. Гэмт хэргийн гаралтын 80-90 хувь нь эдгээр сумдад үйлдэгдэж байна гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар нийт гарсан гэмт хэргийн дийлэнхийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд цахим гэмт хэрэг, бусдын эрх чөлөөнд халдах, гэр бүлийн хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэл зонхилон гарсаар байна. Ийм учраас эдгээр хэргүүд үйлдэгдэж байгаа сумдад анхаарч, 2023 оны ажлын төлөвлөгөөндөө нарийн тусган бүс нутгуудад тодорхой чиглэлүүд дээр анхаарч ажиллахаар төлөвлөлөө. 


Related news