ДАРХАН-УУЛ: Арван гэр бүл түрээсийн төлбөргүй орон сууцаар гурван жил хангагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-08 18:17:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хоёр жил завсарласан “Багш нарын бага хурал” өнгөрсөн наймдугаар сард болсон. Уг хурлаар аймгийн Засаг дарга “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг боловсролын салбарт хэрэгжүүлнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл аймгийн ИТХ, ЗДТГ-аас "Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд багш нарын нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор "Түр орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус хөтөлбөр нь боловсролын салбарт гэр бүлээрээ ажилладаг багш ажилтнуудад хамааралтай бөгөөд тодорхой шалгуур үзүүлэлтийг үндэслэн түр орон сууцаар хангах аж. Тодруулбал уг хөтөлбөрийн удирдамжийн дагуу 23 байгууллагын 38 багш, ажилтан материалаа ирүүлжээ.



Хөтөлбөрийн журамд гэр бүлийн гишүүд хоёулаа боловсролын байгууллагад ажиллаж байх ёстой, эсвэл гэр бүлийн гишүүдийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй бол хүсэлт гаргах боломжтой аж. Мөн тухайн ажиллаж буй байгууллагадаа болон өмнө нь ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй гэсэн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй лавлагаа болон Дархан-Уул аймгийн иргэн байх ёстой гэсэн журамд заасан шалгуураар шалгаруулсан гэж Орон сууц хөтөлбөрийг зохион байгуулах ажлын багийн гишүүн Д.Идэрхангай мэдэгдлээ.


Энэ дагуу материалаа ирүүлсэн багш, ажилтнаас "СӨБ, ЕБС-д гэр бүлээрээ ажилладаг 10 гэр бүлийн 19 багш гурван жилийн хугацаанд түрээсийн төлбөргүй орон сууцаар хангагдах боломжтой боллоо. Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх ажээ.




Тодруулбал, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж орон нутгийн өмчид бүртгэлтэй орон сууцыг боловсролын байгууллагад ажилладаг залуу гэр бүлийг гурван жилийн хугацаанд ямар нэгэн түрээсийн төлбөр төлөхгүйгээр орон сууцаар хангах боломжийг нээн өгч байна. Гурван жилийн хугацаанд ямар нэгэн түрээсийн төлбөр төлөхгүй тул энэ хугацаанд орон сууц хөтөлбөрт хамрагдах, санхүүгийн хуримтлалтай болох боломжийг өөрсдөө бий болгох аж.



Мөн "Залуус-1" хороолол хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллага, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамруулах “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж аймгийн Засаг дарга Б.Азжаргал батламж гардуулах үеэр мэдэгдлээ.


Мөн ЕБС, СӨБ-ын багш нарын дунд ажил мэргэжлийн болзолт уралдаан зарласан аж. Уралдааны шилдэг дөрвөн багшийг 1-2 өрөө орон сууцаар шагнах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Related news