ЗАВХАН: Шинэ бүтээгдэхүүнийг дэмжсэн үзэсгэлэн худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-14 17:06:09

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастайд цагаан сарын баярыг угтаж уламжлалт үзэсгэлэн худалдааг гурван өдрийн турш зохион байгуулж, 301.6 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

“Цагаан сар” үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Завхан аймаг дахь салбар танхим, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Хөгжлийн Шийдэл” BEST хөтөлбөрийн Завхан салбар, Тогоочдын холбоо хамтран зохион байгуулжээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэнд Завхан аймгийн банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбар, Архангай, Төв аймгийн нийт 64 аж ахуйн нэгж, иргэд оролцсон байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэд, аж ахуйн нэгжүүд сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногоо, хэвийн боов, гурилан бүтээгдэхүүн, мах, ноос ноолууран бүтээгдэхүүн, зөөлөн болон хатуу оёдлын төрлүүдээр хийсэн 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, нийт 301.6 сая төгрөгийн борлуулалтын орлого хийжээ.


Үзэсгэлэн худалдаанд оролцсон бүтээгдэхүүнүүдийг таван шалгуур үзүүлэлтээр үнэлж шалгаруулсан байна. Тухайлбал, тогтмол бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг, хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаа, бүтээгдэхүүний нэр төрлийн тоо, бүтээгдэхүүний чанар инновац шингээж буй эсэх гэх зэргээр үнэлж шилдгүүдийг шалгаруулсан.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны тэргүүн шагнал болох Гранпри шагналыг Улиастай сумын Бор хайрхан цехийн гурилан бүтээгдэхүүн хүртжээ. Тус үйлдвэрийн хувьд 14 төрлийн гурилан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Зургаан хүнийг байнгын ажлын байраар хангаж, уламжлалт ёс заншлаа хадгалсан дөрвөлжин хэвийн боовыг худалдаанд шинээр гаргасан. Мөн хэвлэсэн, хайлсан хайлмал тосыг худалдаанд шинээр гаргасан. Үзэсгэлэн худалдаанны гурван өдөрт хүнсний төрөл дотроо хамгийн өндөр борлуулалттай байсан юм.


Харин хөнгөн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр, "Мөнх Хөдрөг" ХХК-ийн арьсан гутал шалгарсан. Тус компани нь 24 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, зургаан хүнийг байнгын ажлын байраар хангаж, найман төрлийн гутал үйлдвэрлэдэг. Малын боловсруулсан арьсаар эрэгтэй, эмэгтэй, өдөр тутмын гутал, орчин үеийн гоёлын гутлыг хэрэглэгчдийн захиалгаар цор ганцыг үйлдвэрлэдэг.

Тухайлбал, Timberland болон бүжгийн гутал, арьсан углааш, гэрийн шаахай, буриад гутлыг европ гутлын загвараар үндэсний хээ угалз бүхий шинэ загварын гоёлын гутал үйлдвэрлэлээр шилдэг бүтээгдэхүүний шагналыг хүртээд байна. Тус компанийн үйлдвэрлэсэн гутлууд нь 45-250 мянган төгрөгийн хооронд зах зээлд борлуулж байна.


Мөн хүнсний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр Тосонцэнгэл сумын “Сүүндалай булаг “ХХК-ийн байгалийн цэвэр жимсийг боловсруулж хийсэн чанамал шалгарлаа. Тус компани орон нутагтаа зуны улиралд 24 хүнийг түр, байнгын зургаан хүнийг ажлын байраар хангаж, 21 дэх жилдээ үйлдвэрлэл явуулж байна. Зэрлэг жимсийг уламжлалт технологитой хослуулан долоон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дөрвөн төрлийн жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс болон шууд уух шүүс зэрэг бүтээгдэхүүнээр шилдэг шагнал хүртэв.


Үзэсгэлэн худалдааны хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр "Энэрэлт байгаль" ХХК-ийн зөөлөн оёдлын бүтээлүүд шалгарлаа. Тус компани нь 10 хүнийг байнгын ажлын байраар хангаж, 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ажлын хувцас, хүүхдийн хувцас, монгол дээл, монгол цамц, төрөл бүрийн европ хувцас гээд дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол үйлдвэрлэдэг. Тус компанийн хүүхдийн дээл хамгийн эрэлттэй, борлуулалт өндөр бүтээгдэхүүн байв.

Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааны үеэр хамгийн амттай, хэв сайтай, уламжлалт технологоор үйлдвэрлэсэн. Эрэлт ихтэй байсан хэвийн боовыг шалгаруулж, Идэр сумын жижиг дунд үйлдвэрлэгч М.Эрдэнэчимэгийн шар тостой еэвэн шалгарсан. М.Эрдэнэчимэг нь сумандаа гурван хүнийг байнгын ажлын байраар хангаж, сумынхаа “Сарлаг” брэндтэй кластерийн зарчмаар хамтран ажилладаг үйлдвэрлэгч юм.


Тодорхой нэг салбарт болон газар зүйн байршилд хоорондоо харилцан хамааралтай үйл ажиллагаа явуулдаг бизнесийн, судалгааны болон төрийн байгууллагуудын хамтрал, тухайлсан салбарын /бизнесийн үйл ажиллагааны бүтээмж, өрсөлдөх чадварыг үндэсний болон олон улсын хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой хичээл зүтгэлийг кластер буюу кластерын санаачилга гэж нэрлэдэг.


Кластерын зарчмаар ажилласнаар үйлдвэрлэл, үйлчилгээний зардал буурч ашигт ажиллагааны түвшин ихээхэн дээшилдэг. Мөн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх таатай орчин бүрддэг, гадаад, дотоод зах зээлд гарах боломж сайжирдаг.

Тиймээс Идэр сумын жижиг дунд үйлдвэрлэгчид кластерийн зарчмаар үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаа нь сайшаалтай юм. Орон нутгийнхаа бусдаас ялгарах брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлж, хамтарсан үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг нь бүтээгдэхүүний борлуулалт сайжрах төдийгүй. Эрэлтийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулж байгаа хэрэг юм.


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэн худалдааны онцлог бол үйлдвэрлэгчдийг олон нийтэд танилцуулахаас гадна, тэдний бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, тэдэнд шинэ санаа олох боломжийг өгч бүтээгдэхүүний борлуулалтыг дэмждэг. Мөн хэрэглэгч, иргэдэд нэг дороос сонголт хийх, эрүүл аюулгүй найдвартай, хямд бүтээгдэхүүнийг санал болгодог гэж МҮХАҮТ-ын Завхан аймаг дахь салбараас мэдээлэв. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар орон даяар өрнүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Завхан аймаг дэмжиж нийт 33 зорилт 20 үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд малаа эрүүл байлгах нь чухал. Тиймээс тус аймаг малыг эрүүлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх. Улмаар сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих. Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж дотооддоо үйлдвэрлэж, хэрэглэж хэвшихийг уриалаад байгаа билээ.


 

Related news