ЗАВХАН: Камерт үлдсэн дүрс бүхэн судалгааны баримт болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-23 11:54:31

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын тал, Сээрийн нуруунд ирвис гүйдлээр тохиолддог нь байршуулсан камерт дахин бичигджээ.


Өнөөдөр цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр.


Цоохор ирвэс дэлхийн 12 улсад байдаг. Эдгээр улсаас Монгол орон ирвэсийнхээ тоо толгойг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар судалгаа хийсэн билээ. Судалгаагаар Монгол улсад дунджаар 953 нас бие гүйцсэн ирвэс Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 328,000 км квадрат газар нутагт тархан амьдарч байна.


Ер нь хүнд барагтай бол харагддаггүй нууцлаг зэрлэг амьтдыг судлахад автомат камер их чухал байдаг.
Дээрх камерууд нь хөдөлгөөний өндөр мэдрэгчтэй хэдий ч зарим гэрэл зураг чанарын шаардлага хангахааргүй байна. Түүнчлэн зэрлэг амьтдын үр төлтэйгөө хамт болон ижил сүргээсээ тасарч буй байдал, зан төлөвийг ч дээрх гэрэл зургуудаас харж судалж болохоор байгаа нь сонирхолтой юм.


Тиймээс бид тахиас гадна Хомын талын амьтдыг судлах зорилгоор хэд хэдэн газарт өнгөрсөн хавар камер байршуулсан. Сээрийн нуруунд тавьсан камерт өнгөрсөн хавар ирвэсийн хэд хэдэн дүрс бичигдсэн байсан. Харин энэ сард ирвэсийн хэд хэдэн дүрс дахин бичигджээ. Энэ нутагт үе үе цоохор ирвэс гүйдлээр тохиолддог нь дүрс бичлэгт үлдэж ийнхүү баримт болж байна.


Хомын тал нь арал мэт өвөрмөц тогтоцтой учир амьтдын аюулгүй таатай амьдрах орчин болдог. Зарим амьтны хувьд хоргодож үлдэх сүүлчийн тархац нутаг ч байж болох юм. Бид камерт үлдсэн зургуудыг олон судалгаанд ашиглана. Хомын талд 46 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 7 нь бүс нутгийн болон олон улсын улаан дансанд бүртгэгджээ. Үүнд, тахь, янгир, хар сүүлт зээр, бөхөн, цагаан зээр, зэгсний зэрлэг гахай зэрэг амьтад байна гэж Хомын талын тахь ТББ-аас мэдээлэв.  




Related news