ХЭНТИЙ: Үзэсгэлэн худалдаагаар 142.8 сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ “Цагаан сар-Цагаан идээ-2023” үзэсгэлэн худалдаа энэ сарын 12-13-ны өдөр болж, нийт 123 баялаг бүтээгч оролцож, 142.8 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тус үйл ажиллагаа тасалдсан. Үзэсгэлэн худалдааг нээж, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан хэлсэн үгэндээ “Сар шинийн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, дэмжигч байгууллагаар Дэлхийн зөн ОУБ, “Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжил, ил тод байдлыг сайжруулах” BEST хөтөлбөр, “Эвт” зүүн бүсийн худалдааны төв, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Хэнтий аймаг дахь салбар тус тус ажиллалаа.
Үзэсгэлэн худалдааг энэ жил “Өвлийн идэш” арга хэмжээтэй нэгтгэн зохион байгуулж байгаагаараа онцлог болов. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь болсон хүнс, хөдөө аж ахуйн салбар нь хөдөлмөрийн багтаамж ихтэй, эдийн засгийн бодит өсөлтийг хангасан, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж байгаа стратегийн чухал салбар юм. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэвшүүлсэн бодлого, зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, хувийн хэвшлийн санаачилга, оролцоо чухал ач холбогдолтой" гэв.
Нээлтийн үеэр хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн салбарт амжилттай ажиллаж,, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр
ханган, үзэсгэлэн худалдаанд идэвх санаачилгатай оролцож буй баялаг бүтээгчдэд
шагнал гардууллаа. Тодруулбал, "Аймгийн хүндэт тэмдэг"-ээр Хэрлэн
сумын хүнсний үйлдвэрлэл эрхлэгч Ц.Цэнгэлмаа, "Хан Хэнтийн алдартан"
тэмдгээр Дадал сумын малчин П.Байгалмаа, Биндэр сумын бизнес эрхлэгч Э.Цэдэв
нарыг шагналаа.
Үзэсгэлэн худалдааны гол зорилго нь Жижиг, дунд үйлдвэрлэл,
үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх,
зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч, захиалагчтай холбох, бизнесийн цар
хүрээг тэлэхэд нь тусалж буй юм. Тус үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд
зохион байгуулсан бөгөөд Хэнтий аймаг “Хүнсний хангамж, аюулгүй
байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023-2026 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг аймгийн
ИТХ-ын 16 дугаар хуралдаанаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Цаашид "Цагаан сар-цагаан идээ 2023", “Өвлийн идэш” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, иргэдийн хүнсний хангамжийг хангахын зэрэгцээ малчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, тэдгээрийн оролцоонд тулгуурлан “Батламж” олгох аж. Ингэснээр улс, аймгийн аварга, хошой аварга малчнаар тодруулах үндсэн үзүүлэлтэд нөлөөлөх гол шалгуур болгож, нийгмийн оролцоог тэгш хангуулахад анхаарах болно гэдгээ ч зохион байгуулагчид хэлж байлаа.
Энэ жилийн “Цагаан сар-Цагаан идээ” үзэсгэлэн худалдаанд нийт 14 сумын 123 аж ахуйн нэгж, иргэн 228 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 142,8 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Өмнөх жилд энэхүү нэгдсэн үйл ажиллагаанд 18 сум, таван тосгоны 180 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцож, 155.7 сая төгрөгийн борлуулалт хийж байжээ.