ДАРХАН-УУЛ: “HK” групптэй хөрөнгө оруулалт, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-14 22:08:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. БНСУ-ын ”НК” группийн Ерөнхийлөгч Лий Хун Ко, Үйл ажиллагаа хариуцсан захирал Ли Хунг Хий нарын төлөөлөл Дархан-Уул аймагт айлчилж байна. 

Айлчлалын эхэнд аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Захирагчийн ажлын албаны дарга Б.Оргил, АОЭХ-ны тэргүүн Д.Соёлтуяа нар группийн төлөөллийг хүлээн авч уулзаж санал солилцлоо.



Дархан-Уул аймгийн тухайд БНСУ-ын Кёнги аймагт ах дүү найрамдалт харилцаатай ажиллаж ирсэн бол энэ удаад тус улсын томоохон групптэй хамтран ажиллах боломж нээгдлээ. Учир нь “НК” групп нь 47 салбар компанитай, түүгээр дамжуулан дэлхийн олон улстай хамтран ажилладаг аж. Тухайлбал хог боловсруулах, хог хаягдлын менежментийн шийдлээрээ улсдаа тэргүүлдэг төдийгүй өөрийн туршлагаа бусад улс оронд түгээн дэлгэрүүлдэг ажээ. 




Улсын зэрэглэлтэй хот болон хөгжих зорилт дэвшүүлсэн Дархан-Уул аймгийн тухайд тулгамдсан асуудлын нэг нь хог хаягдлыг хэрхэн дахин боловсруулах асуудал юм. Сүүлийн арваад жил гадаадын улс, хотууд, томоохон компаниудтай хог боловсруулах үйлдвэр байгуулах, хогийн менежментийг шийдэхээр уулзалтууд хийж хамтран ажиллахаар болж байсан ч төдийлэн биелэлээ олж байгаагүй юм.



Харин энэ удаад өөрийн үйлдвэрлэл, туршлагаараа танигдсан НК групптэй хамтран ажиллах боломж нээгдлээ. Дэлхийд тэргүүлэх технологитой хог боловсруулах гурван том үйлдвэртэй тус группийн удирдлагуудтай хийсэн уулзалтаар эхний ээлжинд Дархан хотын хог хаягдлыг дахин боловсруулах, менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, судалгааг хийх талаар ярилцлаа. Энэ хүрээнд орон нутгийн удирдлагуудыг өөрийн улсад зочилж, хог хаягдлыг хэрхэн ангилж дахин боловсруулж байгаа, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй явцтай газар дээр нь танилцаж туршлага судлахыг урьсан юм.



Нөгөөтэйгүүр ганцхан хог хаягдлын менежментийг сайжруулах тал дээр бус боловсрол, эрүүл мэнд, бизнесийн салбарын хөрөнгө оруулалт чиглэлээр хамтран ажиллах боломжтой ажээ. Тухайлбал БНСУ-д сувилахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр АНУ болон БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Ки Эс Ю их сургуульд оюутан сургах, ажиллуулах, хөтөлбөрт хамруулах зэргээр хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт хийх өргөн боломж байгааг НК группийн Ерөнхийлөгч Лий Хун Ко онцоллоо


Дархан-Уул аймагт их, дээд, мэргэжлийн боловсрол олгодог есөн сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрт 780 гаруй багш ажиллаж, 7800 гаруй оюутан суралцаж байна. Талуудын анхны уулзалтын үр дүнд НК групп Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд болон оюутан сургах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.




Бизнесийн чиглэлээр хамтран ажиллах олон талын боломж бий гэдгийг талууд онцолж байлаа. Энэ үеэр гоо сайхан, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Гоёмсог имижболон төмрийн хүдрийн хорголжин бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ган хүдэр орд ХХК-ийн төлөөлөл “НК” группийн удирдлагуудтай уулзан, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах боломжийг эрэлхийллээ.




Тус компаниудын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг түүхий эдийн дээжийг БНСУ руу хүргүүлж судалгаа, шинжилгээнд хамруулж үр дүн сайн гарвал, тохиромжтой тохиолдолд Солонгос, Монголын хамтарсан үйлдвэрийг байгуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлж бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх тал дээр хамтран ажиллах боломжтойг БНСУ-ын НК группын талаас илэрхийллээ.

 

Related news