ХӨВСГӨЛ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан “Цаа цасны баяр”ыг хойшлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-02-15 09:30:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой Цаа, цасны баяр энэ сарын 27-28-ны өдөр болох байсан боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 3 дугаар сарын 5,6-ны өдөр болгон хойшлууллаааа.


Энэ үеэр цаст тайгад дархад, цаатан иргэд хэрхэн зохицон амьдарч байгаа болон цас, цаатай холбоотой өвлийн спортын үйл ажиллагаанууд, цааны уралдаан, дархадын уламжлалт хааг цанын уралдаан зэрэг эртнээс уламжлагдан ирсэн сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэх боломжтой юм. Мөн дархад, цаатны олон зууны туршид нүүдэллэн, ан гөрөө хийх үед хэрхэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн ёс заншлууд, хоол, ундааны соёлыг дэлгэн үзүүлдгээрээ онцлог юм.


Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Цаатан иргэд Хөвсгөл аймгийн хамгийн хойд сум болох Цагааннуур сумын баруун, зүүн тайгад амьдардаг.  Цаатан иргэд болон нутгийнхан гэрийн тэжээмэл цаа бугыг цаа гэж нэрлэдэг. Цааг олон зууны тэртээгээс гаршуулан тэжээмэл болгон маллаж ирсэн түүхтэй. Цаа нь тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж амьдардаг байна. Өнөөдрийн байдлаар баруун зүүн тайгад 200 гаруй иргэн цаа маллан амьдарч байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор 2497 цаа тоолуулжээ. 



Related news