ДУНДГОВЬ: "Аймгийн аварга малчин өрх" дөчин дөрвөөр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-16 18:04:03
altantogos

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин туулай жилийн босгон дээр Дундговь аймгийн “Хошой аварга малчин өрх”-1, “Аварга малчин өрх”-44, “Аварга тэмээчин өрх”-3, “Аварга саальчин”-4, “Аварга тариаланч” нэгээр нэмэгдэж, өнөөдөр шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Жил бүр мал аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшин түүнийг боловсронгуй болгох, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулж эрүүлжүүлэх, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд амжилт гарган болзол хангасан малчдад дээрх шагналыг олгодог.

Энэ жилийн аварга малчдын хамгийн ахмад нь Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн малчин Ч.Даваасүрэн 65 настай бол хамгийн залуу нь Адаацаг сумын Ар урт багийн малчин Б.Ууганбаатар 34 настай.  

Ч.Даваасүрэн уламжлалт мал маллагааны аргыг шинжлэх ухааны арга, технологитой хослуулан сүргийн бүтэц, малын чанарыг сайжруулахад анхаарч, залуу малчдад өв соёл, арга туршлагаа заан сургаж, малчдын залуу халааг бэлтгэдэг малч эмэгтэй.

Харин залуу малчин Б.Ууганбаатар хээлтэгч нэг бүрээс авах төлийг чухалчлан, мал сүргийн эрүүл мэнд, малыг эрүүлжүүлэх, чанаржуулах, тооноос илүү чанарыг сайжруулахын төлөө мэрийн ажилладаг бөгөөд сум, орон нутгаас зохион байгуулсан үйл ажиллагаанд манлайлан оролцдог малчин.



Аймгийн Хошой аварга, Аварга малчид, тэмээчид, саальчид, тариаланчид шагнал гардуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат малчдад баяр хүргэн хэлсэн үгэндээ цаг үеийн нөхцөл байдал, малчдын талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтыг танилцуулж, мал сүргээ өсгөн үржүүлж, эрчимжүүлж, эрүүлжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн аймгийнхаа ХАА, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй малчид, тариаланчдад баяр хүргэн, талархал дэвшүүллээ.



Тэрээр хэлсэн үгэндээ “Эрдэнэт мал сүрэг маань 5 төрөл дээрээ өссөн өнтэй сайхан өвөлжиж туулай жилтэй золгож байна. Сар шинийн баярыг тохиолдуулан жил бүр сум, аймаг, улсын хэмжээнд аваргуудаа тодруулдаг уламжлалтай. 

Байгаль дэлхий ивээж, өнгөрсөн онд бороо хуртай, сайхан зун болж, өвлийг өнтэй тарган давж, хаврын урьтай золгож байна. Гэхдээ гадны аймаг, сум болон аймаг дотроо отор нүүдэл хийж байна. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан аймгийн Засаг даргын нөөцийн болон улсын нөөцийн өвсний 50 хувийг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа нь төрөөс малчдад үзүүлж буй дэмжлэг юм.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт малчдын талаар олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. 2022 онд Зах зээл, бэлчээрийн удирдлага төслийн 50 хувь, аймгийн ОНХС-ийн 50 хувийн хөрөнгө оруулалтаар гүн өрмийн 7 худаг гаргаж, аймгийн Засаг даргын нөөцийн өвс тэжээлийн агуулах, саравч зэргийг өргөтгөлөө.

Малчдын оролцоог нэмэгдүүлэх, мэдээлэл өгөх, санал, хүсэлтийг хүлээн авахын тулд 15 суманд Малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, 3626 малчин оролцсон.

Мал сүргийн чанарыг сайжруулах зорилгоор битүү хөнгөлгөөний, зохиомол хээлтүүлгийн гэх мэт био технологийн дэвшилтэт аргыг орон нутагт нэвтрүүлэн ажиллаж байна.

Манай аймаг бол бэлчээрийн мал аж ахуйд суурилсан өвөрмөц онцлогтой нутаг. Нийт бэлчээрийн 70 орчим хувьд даац 3-5 дахин буюу хэтэрсэн байна. Иймээс малын тооноос илүүтэй орон нутагт дасан зохицсон, чанарлаг мал, сүргийг өсгөн үржүүлж, аймгийнхаа ХАА-д үнэтэй хувь нэмрээ оруулж, залуу хойч үе, малчдын залгамж халааг бэлтгэж ажиллахыг хүсч байна” гэлээ.

Энэ жилийн аймгийн “Хошой аварга малчин өрх”-өөр Луус сумын малчин Ж.Баатар, Б.Оюунцэцэг нар, “Аварга тэмээчин”-ээр Хулд сумын малчин Л.Төмөрсүх, мөн сумын малчин Ц.Цэрэнсоном, Өлзийт сумын малчин  Ш.Нарандорж нарын гэр бүл шалгарчээ.

“Аймгийн аварга саальчин” эрхэм хүндтэй цолыг Дэлгэрцогт сумын малчин Д.Мөнхжаргал, Дэлгэрхангай сумын малчин Г.Амарсайхан, Сайхан-Овоо сумын малчин Ц.Дуламханд, Луус сумын малчин  С.Дэлгэржаргал нар хүртлээ. Түүнчлэн 15 сумаас 44 “Аварга малчин” шалгарч, аймгийн “Аварга тариаланч”-аар Сайнцагаан сумын иргэн Н.Цэнд-Аюуш тодорч, өнөөдөр ийнхүү шагналаа гардан авлаа.  




Related news