"Монголчуудын уламжлалт цагаан сар" үзэсгэлэнд 150 гаруй үзмэрийг дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-17 16:28:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музей Билгийн тооллын XVII жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулан "Монголчуудын уламжлалт цагаан сар” тусгай үзэсгэлэнгээ өнөөдөр нээлээ.

 

Үзэсгэлэнг нээж Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал хэлэхдээ, "Манай музей жил бүр сан хөмрөгт байгаа үзмэрүүдээ дэлгэн үзүүлдэг. Энэ удаагийн үзэсгэлэнд урьд өмнө нь төдийлөн дэлгэж байгаагүй нутаг нутгийн онцлог хэв шинжийг хадгалсан хэвийн боовны үзмэрийг толилуулж байна. Тухайлбал, галан, дугуй, гавжийн дугуй, ул боовны олон янзын хээ чимэгтэй хэвүүдийг үзэгч харьцуулан үзэх боломжтой. Бараа, таваар өргөн дэлгэр болоогүй байсан өвөг дээдсийн үед боов хийж хүүхдүүддээ бэлэглэдэг байжээ. Ингэхдээ том хэвтэй биш жижигхэн хэмжээтэй бадамлянхуа, өлзий зэрэг олон янзын хээтэй хийдэг байж. Мөн хэвийн боовоор нь тухайн айлын өнгийг тодорхойлж, шинжиж үздэг байсан юм" гэв. 

 

Тус үзэсгэлэн Монголчуудын уламжлалт цагаан сарын үүсэл хөгжил, уламжлалт зан үйл, цээр хорио, өв соёлыг залуус хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор музейн сан хөмрөгт хадгалагдаж буй уламжлалт хоол хүнс, хувцас, гоёл чимэглэл, тавилга хэрэгсэл, хадаг, цагаан сараар тоглох зарим тоглоом наадамтай холбогдох уламжлалт эд өлөг, үзмэр цуглуулгаас бүрдэж байна.

 

Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан уламжлалт соёлоо түгээн дэлгэрүүлж, ард түмний хэдэн мянган жилийн уламжлал, орчин үеийн хөгжлийн түрлэгт бүдгэрэн буй ой дурсамжийг музейн цуглуулгаар сануулан сэргээх, үндэсний үзэл ухамсрыг төлөвшүүлэхэд чиглэж буй юм.


Үзэсгэлэнд 150 гаруй үзмэрийг сан хөмрөгийн цуглуулгаас дэлгэн үзүүлж байна. Түүнчлэн нутаг нутгийн онцлог хэв шинжийг хадгалсан зарим сонирхолтой үзмэр, тухайлбал галан, дугуй, гавжийн дугуй, ул боовны олон янзын хээ чимэгтэй хэвүүд, хэмжээ, хээ угалз, үсэг, чимэг, өнгөөрөө хоорондоо ялгаатай самбай, даш, сэрж, аюуш, ходоод, соном, баранзад, нанзад, нанжвандан, дашвандан зэрэг хадаг, махны хөлтэй, хөлгүй тэвш зэрэг үзэгчдийн сонирхлыг татах үзмэрүүд багтжээ.

Үзэсгэлэн 2023 оны 3 дугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.





Related news