ДАРХАН-УУЛ: Иргэдийнхээ ажил үйлсийг даатган мандал өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-27 15:10:36

Дархан /МОНЦАМЭ/. XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын билэгт сайн өдөр аймаг, орон нутгийн удирдлагууд Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдэд мандал өргөлөө.


Мандал өргөх нь лам гурван эрдэнэ, арван зүгийн бурхад, сахиус, чойжонгуудад ард түмнийхээ аж амьдрал, айлчлан золгож буй жилийнхээ ажил үйл, нас буян, идээ ундаагаа даатгаж ариун байхыг бэлгэддэг ажээ. 
Ийм учир Дарханчуудын сайн сайхныг даатган жил бүр мандал өргөдөг уламжлалтай. Энэ жилийн тухайд гарч буй жил нийт дарханчуудад төдийгүй монгол түмэнд ээлтэй байхыг бэлгэдэн орон нутгийн удирдлагууд, иргэдийн хурлын төлөөлөгчид мандал өргөх ёслолд оролцлоо.




Мандал гэдэг нь орчлон ертөнцийг илэрхийлсэн, түүний доторх өөр өөр хэсэг нь бурхны шашны сургаалын олон өөр талуудыг илэрхийлэх, нарийн бүтэцтэй, дугуй хэлбэрийн дүрслэл аж. Хэдэн мянган жилийн өмнө Хиндү болон бурхны шашны гүнзгий түвшний бясалгалын тодорхой бүтээлүүдэд хэрэглэгдэх байдлаар Энэтхэгт анх үүссэн мандалыг зургаар, гурван хэмжээст загвараар, мөн элсээр бүтээдэг ажээ.




Мандал өргөх ёс нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл бөгөөд аливаа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой аж. Буяны үйл нь цуварч барагддаг буян, цуварч барагддаггүй буян гэж байдаг ажээ. Бурхан, бодьсадва нарын буян нь цуварч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой гэж Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлан хийдийн хамба лам Л.Мөнхсүх айлдлаа. Хаврын тэргүүн сарын шинийн билэгт сайн өдрүүдэд мандал өргөдөг нь уламжлал болон ирсэн аж.

 


Түүнчлэн, Мандал өргөх ёс нь бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг "Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг" сударт дандарт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандала гэдэг нь самгарди үг бөгөөд "Шимийг авах" гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг 3 тэргүүтэнг баясган тахиж хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодьтойгоор болон сэтгэлээрээ хувилгак өргөдөг. Мандалыг өргөхдөө зүүн гартаа арвай атган мандлыг түшин бариад баруун гарын алгаар гадагш олонтаа арчихын сүжгийг адистэдийг олохын сүжиг үүсгэх ёстой. Мандал өргөхдөө "Ум базар вума аа хум ум базар рэхэ аа хум идам гүрү радна маíдала хам ниря даяа ми" хэмээн сэтгэлдээ уншин зүүн гартаа арвай атган мандлыг түшин бариад баруун гарын алгаар гадагш олонтаа арчих байдлаар хилэнц түйтгэрийг арилгахын сүжгийг адистэдийн олохын сүжиг үүсгэх ёстой хэмээн айлджээ.


Related news