ХЭНТИЙ: М.Шүрэнцэцэг: Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-02-28 13:10:55

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэгтэй цаг үеийн асуудлаар уулзаж ярилцлаа. 


-Энэ жил Хэнтий аймагт цас их орж, олон жилийн дунджаас илүү хүйтэн өвөл болсон. Малчид болон суурин газрын иргэдийн өвөлжилтөд хүндрэл гарсан уу? 

-    -Тийм ээ, энэ өвөл нутгийн ихэнх хэсгээр хүйтний эрч чанга, олон жилийн дунджаас илүү хүйтэн өвөлжлөө. Сар шинийн өмнө малчдынхаа өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчны хотонд ажиллаад ирсэн. Тахилгат, Өлзийт тосгоны нутгаар цас их орж, малчид өвс тэжээлийн хомсдолтой байсан учир малын хорогдол багагүй гарч байгааг тэд учирлаж байсан. Хэдийгээр малчид өвс тэжээлээ сайн бэлтгэсэн ч урьдчилан таах боломжгүй байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил цас эрт орсноор мал идэх бэлчээргүй болж, өвсний нөөц хомсодсон. Тиймээс Хэрлэн сумын онцгой комисс цагийн байдалтай уялдуулан сумын аюулгүйн фондын өвсийг малчдадаа олгох, хямд үнэтэй хивэг тэжээлээр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.


-Та Хэрлэн сумын Засаг даргаар томилогдоод хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, нийгэм, эдийн засгийн байдал, мөн дээр дурдсан байгаль, цаг уур гээд амаргүй цаг үед ажиллаж, нэлээд хүнд ачааг үүрч байгаа харагддаг. 

-Шинэ ажлаа аваад удаагүй байхад дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндхэн цаг үетэй золгож, иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах амаргүй цаг хугацаанд ажиллаж ирсэн. Гэсэн хэдий ч цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчид болон иргэдийнхээ хичээл зүтгэл, хамтын хүчээр бид тэр цаг үеийг амжилттай даван туулсан. Одоо ковидын дараах нийгэм, эдийн засгийн хямрал, түүнийг даван туулах ажил, арга хэмжээг бид авч байна. Энэ хариуцлагатай албыг хашиж байгаа хүний хувьд нэн түрүүнд шулуун шударга, шуурхай дайчин ажиллахыг эрхэм болгодог. Төрийн албан хаагчдадаа ч энэ шаардлагыг тавьсаар өнөөдрийг хүрсэн. Ажлаа сайн хийж байгаа нэгэндээ урам өгч, харин асуудал зөрчил байвал дарга цэрэггүй нэг нэгэндээ эрүүл зөв шаардлага тавьж чаддаг байх зарчмыг би баримталдаг. Ялангуяа энэ цаг үед ажил албаны төлөө хэн хэндээ зарчмын шаардлага тавьж сурах хэрэгтэй. Энэ бол “Би биш бид” гэдэг зарчим. Энэ зарчмыг баримтлах нь төрийн ажлыг илүү ахицтай урагшлахад нөлөөлдөг гэж би боддог.




-Эмэгтэй хүн энэ албан тушаалыг хаших нь нэг талаараа хотын цэвэр цэмцгэр байдал, цэгцтэй төлөвлөлт, өнгө үзэмжид анхаарсан ажлуудыг илүүтэйгээр санаачилж хийдэг юм байна гэдгийг таны амжилттай хэрэгжүүлсээр байгаа олон ажлаас харж болохоор байна? 

-Та зөв ажигласан байна. Эмэгтэй хүн болохоор ч тэр үү, хотын цэвэр цэмцгэр байдал, өнгө үзэмжийг сэргээх, зам талбайн засвар тохижилтод голлон анхаарч ажилладаг. Өглөө гэрээсээ гараад ажилдаа ирэхдээ, орой ажлаа тараад гэртээ харихдаа ч хаана юуг илүү сайжруулах ёстойг харж явдаг. Би өөрөө ч гэртээ зүгээр суух дургүй хүн. Тийм ч учраас өөрийн туршлага дээр тулгуурлан сайн дадлыг иргэдэд суулгаж, зөвхөн төрийн өмнөөс биш иргэн хүний хувиар ч бусадтай харилцан сайн туршлагыг аймагтаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Ер нь хотын өнгө үзэмж хотын тохижилтын ажилтай шууд холбоотой. Тийм ч учраас тохижилтын албаа гурван хэлтэстэй болгож, орон тоог арваар нэмэгдүүлж, шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулж байна.


-Хэрлэн голыг түшиглэн Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн байгуулах тухай зураг танилцуулж, иргэдэд мэдээлж байсан. Энэ талаар тодруулаач?

-Сүүлийн жилүүдэд хүн ам эрүүл зөв хооллолт, хөдөлгөөн эрүүл мэнд гэдгийг ойлгож, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх талаар анхаарах болсон. Үүнтэй холбоотойгоор Чингис хотод иргэдийн хөдөлгөөнт амьдралыг дэмжсэн цэцэрлэгт хүрээлэн шаардлагатай байгаа. Хэрлэн голоо түшиглэсэн залуучуудын соёл амралтын хүрээлэнг хөгжүүлэх зорилготой ажлын баг Дорнод аймгаас туршлага судалж ажиллаад ирсэн. Аймгийн Засаг дарга энэхүү ажлыг ажил хэрэг болгох тал дээр санаачилгатай ажиллаж, 100 жилийн ойн хүрээнд баяр наадмын талбайг шинэчлэн тохижуулахдаа жилд нэг удаа баяр наадам тэмдэглэдэг биш жилийн 4 улиралд ашигладаг, өөрөөр хэлбэл иргэд залуучуудын чөлөөт цагийг өнгөрөөх хүрээлэн болгон хөгжүүлж байгаа.


-Хэрлэн суманд хийсэн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаас танилцуулна уу? Барилгын ажлын чанарт хэрхэн анхаарч байгаа вэ?

-    -Сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт улсын төсвөөр хийж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын дийлэнх нь аймаг, сумыг холбосон автозам, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэж байгаа. Тухайлбал, манай Хэрлэн суманд Дулааны станц, гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, үерийн усны хамгаалалт, эрчим хүчний шугам сүлжээний шинэчлэл гэх мэт ажлууд хийгдэж байна.

     Харин аймгийн болон сумын хөрөнгө оруулалтаар хотын доторх авто замын засвар, гэр хорооллын болон гудамж талбайн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, зам талбайн тохижилт, авто зогсоолын асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Ерөнхийдөө иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Барилгын ажлын захиалагчийн техникийн хяналтыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар хийлгэдэг. Сүүлийн үед төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилга угсралтын ажлын чанарын асуудал нэлээн анхаарал татаж байгаа.

   Тухайлбал, шинээр барьсан багийн төвүүд, засварласан барилга объектууд шаардлага хангахгүй байна. Эдгээрийг мэргэжлийн байгууллагад хандан алдаа дутагдлыг засварлуулах ажлыг эрчимтэй зохион байгуулан ажиллаж байна. Барилга угсралтын ажлаас гадна зураг төсөв, геологи, техник, эдийн засгийн үзүүлэлтийг гаргахаас нь эхлээд анхаарч ажиллах нь хамгийн чухал. Зарим нэг ажил дээр захиалагчийн хэлснээр тухайн барилга объекттой танилцалгүй зураг төсвийг нь хийж, эргээд чанарын шаардлага хангахгүй болдог асуудал байна. Бид энэ асуудалд анхааран ажиллаж байгаа.


-Хэрлэн сумын иргэдийн дунд газрын эрэлт хэрэгцээ маш их байдаг. Газар олгох асуудлыг хэрхэн зохион байгуулж байна вэ? 

-    -Сумын нийт иргэдийн 46 хувь буюу 11000 иргэн өрхийн хэрэгцээний 0,07 га газраа өмчилж авсан байдаг. Жил бүр сумын ИТХ-аар иргэн өрхийн хэрэгцээнд олгох өмчлөлийн болон эзэмшлийн газраа шийдвэрлүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос хойш газар олгох ажлыг сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж, тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өмчлөлөөр олгох газрыг багуудад тэгш хуваарилан өмчлөх эрхийн гэрчилгээгүй иргэдэд олгох чиглэл өгч ажилладаг. Энэ жил 590 айлын газар өмчлөлөөр олгохоор төлөвлөсөн. Цаашид Хэрлэн сум өрхөд олгох газрын нөөцгүй болсон тул энэ жил батлагдсан нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд хотын бүсийг тэлж тусгуулсан. Мөн энэ жил шинээр олгогдон газрыг төлөвлөлттэй хөгжүүлэхэд анхаарч, 127 айлын жишиг хорооллыг бий болголоо.


-Жишиг хороолол бий болгосон тухай ярьж байна. Энэ талаар тодруулбал?

-   -Хүн ам нэмэгдэхийн хэрээр хот тэлж хөгжиж байна. Жил бүр иргэдэд газар олгохдоо иргэдийн аятай тухтай амьдрах нөхцөлийг бий болгох, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Өмнөх жилүүдэд олгосон газруудын дэд бүтэц шийдэгдэхгүй, суурьшлын бүс бий болохгүй, иргэдийн амьдрах орчин нөхцөл бүрддэггүй зэрэг асуудал байна. Иймээс олгосон газрууд хоосон хэвээрээ, газрын гэрчилгээ өвөртөлсөн хүмүүс л нэмэгдээд байдаг. Иймд 2022 онд эзэмшүүлэхээр төлөвлөсөн 127 айлын газрыг жишиг гэр хороолол болгож хөгжүүлэх шийдвэрийг иргэдээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.

     Өнгөрсөн жил цахилгааны магистраль шугамыг шийдвэрлэж, энэ жил цахилгаан дамжуулах шугам, гудамжны гэрэлтүүлгийг тавих төсвийг шийдвэрлэнэ. Мөн тухайн байршлын автозам дагуу эгнээнүүдийг худалдааны гудамж болгох зорилгоор аж ахуй эрхэлдэг 11 иргэнийг дэмжсэн. Энэ мэтчилэн иргэдийн амьдрах орчин, аж ахуйг хөгжүүлэх, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хамтад нь шийдвэрлэн ажиллаж байна.


-Хэрлэн сум аймгийн хамгийн том сум. Нэг баг нь аймгийн нэг сумтай тэнцэх хэмжээний хүн амтай. Тэгэхээр багийн Засаг дарга нартайгаа хэрхэн хамтарч, дэмжиж ажиллаж байна вэ?

-     -Тэгэлгүй яахав. Төрийн анхан шатны нэгж бол баг, манай сумын багууд маш их  ачаалалтай ажилладаг. Мөн багийн ажил хэдий хэмжээнд үнэлэгдэнэ төдий хэмжээгээр сумын ажил тодорхойлогддог учраас багийн Засаг дарга нараа дэмжиж, хүндээ хүрдэг, иргэдэдээ ажлаа тайлагнадаг байхыг шаардаж ажиллаж байна. Мөн төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, тоног төхөөрөмжийг нь шинэчилсэн. Түүнчлэн ёс зүй, харилцаа хандлагыг нь үнэлэх үнэлгээний төхөөрөмжийг багуудад суурилуулж, ажиллуулж эхэлсэн. Багийн Засаг дарга нарыг төсөвтэй болгох асуудлыг шийдвэрлэж, тус бүрд нь 3 сая төгрөг захиран зарцуулах эрхтэй болгосон. Ингэснээрээ багийн ажилд ахиц гарч, төрийн анхан шатны нэгж багийн үйл ажиллагаа иргэдэд илүү хүртээмжтэй болох боломжтой болж байгаа.


-Удахгүй Хэнтий аймгийн 100 жилийн ой болно. Энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-   -Энэ жил аймгийн түүхэн 100 жилийн хөгжлийг харуулсан ой болно. Тиймээс аймгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулж байгаа. Миний хувьд бүтээн байгуулалт, тохижилт хариуцсан салбар хороог ахлан ажиллаж байна. Энэхүү түүхэн ойн ажилд байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд, айл өрхүүд хамтран ажиллаж, 100 жилийн ойгоо өнгөтэй, жавхаатай угтана гэдэгт итгэлтэй байгаа. Бид ойн хүрээнд хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлыг төлөвлөсөн байгаа.

-     -Цаг зав гаргаж, ярилцсан баярлалаа. Таны ажилд  амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.

 

 

Related news