ДАРХАН-УУЛ: Хаягдал хөөсөөр байшин барьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн иргэн Ц.Батгэрэл хаягдал хөөс цуглуулж байшин барьжээ.
ШУТИС-ийг Металлургийн инженер мэргэжлээр төгссөн тэрбээр БНХАУ-д мэргэжил дээшлүүлсэн аж. Үндсэн мэргэжлээрээ ажиллаагүй ч Ц.Батгэрэл одоо зах, худалдааны төв, байрны хогийн сав, бараат хогийн цэг зэргээс хаягдал хөөс цуглуулан боловсруулж будаг, барилгын материал гаргах жижиг үйлдвэрлэл хувиараа эрхэлж байна.
Сүүлийн гурван жил судалгаа хийж, хог хаягдал
цуглуулан, буталсан хөөсөө цементтэй хольж 300, 400, 500 маркийн бетонон дүүргэлтийн
материалыг гарган авч хоёр давхар үйлчилгээний зориулалттай барилга барьжээ. Шинийг
эрэлхийлж, аливаа зүйлийг боломжгүй гэхээсээ илүүтэй боломжтой талаас нь хардаг
төдийгүй бусдын хог гээд хаясныг өөрт боломж болгож буй залуу гэр бүл юм.
Хаягдал хөөсөө бутлах машинаа хоёр сар гаруй хугацаанд өөрөө зохион бүтээж түүгээрээ
үйлдвэрлэлээ явуулж байна. Цагт 6-7куб бутлах хүчин чадалтай аж.
Хөөсөөр барьсан байшин гэж сонссон хүмүүс зөөлөн эсхүл хэврэг гэсэн ойлголтыг шууд авдаг үнэн хэрэгтээ ердийн бетонон барилгатай ижил гэж онцолж байлаа. Жил ирэх бүр цемент, блокны үнэ нэмэгдэж байгаа энэ үед хямд, чанартай материалыг өөрсдөө үйлдвэрлэж түүгээрээ барилга, байгууламж барьж болж байна.
Эхнэр Х.Болортунгалагийнхаа хамт
хувийн приус
маркийн автомашинаараа
хаягдал хөөсийг цуглуулах ажлаа хийдэг аж. Хүмүүс хог түүлээ гэж хардаг ч бид хөөсийг цагаан алт хэмээн боддог гэж
тэр ярьж байлаа.
Дархан хотын төвлөрсөн Бараат хогийн цэг дээр хаягдаж буй хогийн 90 орчим хувь нь цаас байдаг аж. Тэгвэл цаасыг дахин боловсруулах жижиг оврын үйлдвэр байгуулах зорилго өвөртлөн дараагийн бизнес санаагаа боловсруулан, судалгаа хийж эхэлжээ. Энэ ч утгаараа эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчидтай уулзан өөрийн үйл ажиллагаагаа танилцуулан, гарц шийдлийг хамтдаа олохыг эрэлхийлж байна.
Хаягдал
ашиглан жижиг оврын үйлдвэр ажиллуулж буй тэрбээр барилгын материал
үйлдвэрлэхийг зорьж байгаа аж. Мөн хаягдал цаас ашиглан барилгын давхар
хоорондын даацын хананд бэхэлгээ, хөндийрүүлэгч зэргээр ашиглах бүтээгдэхүүн
хийхээр судалгаа хийж байгаа ажээ.