ОРХОН: “Шинэ сэргэлтийн бодлого”-ын уялдаа холбоо, зорилго, зорилтыг сурталчлан таниулах сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-01 09:34:02
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ын уялдаа холбоо, зорилго, зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах сургалт болов. Сургалтыг Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа. 


Сургалтын эхэнд Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн танилцуулгыг хийсэн юм. Тэрээр, Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 189 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, аялал жуулчлалаар 136 орноос 102 дугаар байрт жагсаж байна. 
Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур байдалтай байсаар байна. 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино хугацааны 560 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажилласан ч хэрэгжилт нь хангалтгүй, хоорондын уялдаа нь тааруу байсаар ирсэн. Иймд салбар бүрд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн алдаа, оноог дүгнэж, дараагийн 30 жилийн төлөвлөлтийг олон улсын чиг хандлагатай уялдуулан энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж баталсан” хэмээн танилцуулгадаа онцлов.   



“Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох”-оор "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогодоо тодорхойлсон. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь дээрх 9 суурь зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөж, эхний үе шат болох "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг ийн сурталчлан таниулж байна. 

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот, хөдөөгийн сэргэлт, Боомтын сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт зэрэг зургаан асуудлыг тусган хэрэгжүүлж байгаа билээ. 

Related news