ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд жилд 50 орчим тонн хог хаягдал гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-02 09:39:02

Арвайхээр /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас Хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги төлөвлөгөөг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр баталлаа.

Хүн амын өсөлт, хотжилт, бусад хүчин зүйлээс шалтгаалан аймаг, сумын хог хаягдлын хэмжээ жилээс жилд арвижин нэмэгдэж, ямар ч хяналт зохицуулалтгүйгээр байгальд тарах, булах, ил задгай шатаах зэргээр эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулсаар байна.


Өвөрхангай аймгийн төв, сумдаас үүсэж буй хатуу хог хаягдлын хэмжээ 2021 оны байдлаар жилд 49.0 мянган тонн байв. Хэдийгээр хог хаягдлын талаас илүү хувь нь дахин боловсруулах боломжтой хуванцар, цаас, картон, шил, металл байдаг боловч ердөө 0.4 хувийг дахин ашиглаж, боловсруулж байгаа аж.

Орон нутгийн өмчит хатуу хог хаягдлын менежментийн компани нь айл өрхүүд, төсвийн байгууллагууд, үйлдвэр аж ахуйн газрууд, бизнесийн байгууллагуудын ангилан ялгалт огт хийгдээгүй хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэн хог хаягдлын цэгт шууд хаяж улмаар хог түүдэг иргэд аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй орчинд эрүүл мэндэд хор хөнөөл учруулахуйц байдлаар дахин боловсруулах хог хаягдлыг ангилан түүж байгаа юм.


Иймд аймгийн төвийн хог хаягдлын менежментийн дэд бүтцийг байгуулах, бохирдуулагч нь төлбөр төлөх, иргэдийн сэтгэлгээ, хандлагыг өөрчилж, нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, бүх нийтийн оролцоотойгоор хог хаягдлыг бууруулж, цэвэр эрүүл орчинг бүрдүүлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг баталлаа.

Related news