Уур амьсгалын өөрчлөлт Германд олон тэрбум еврогийн зардал учруулж болзошгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-03-07 16:04:47

БЕРЛИН. /DW/. Уур амьсгалын өөрчлөлт энэ зууны дунд үе гэхэд Германд 900 тэрбум хүртэлх еврогийн /956.8 сая ам.доллар/ зардал учруулж магадгүй байгааг тус улсын Засгийн газраас даваа гарагт танилцуулсан судалгаа харуулжээ.


Энэхүү судалгааг Германы Экологийн эдийн засгийн судалгааны хүрээлэн, Эдийн засгийн судалгааны нийгэмлэг, “Prognos” судалгааны компанийн судлаачид хамтран хийжээ. “Германд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн учрах зардал” нэртэй тайланд 2022-2050 онд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн нүүрлэж болзошгүй янз бүрийн нөхцөл байдлуудад үндэслэн тооцоо гаргасан байна.  


Судалгааны дүнгээс үзэхэд, “уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл сул” байх хамгийн таатай нөхцөлд 280 тэрбум еврогийн зардал учрах бол эсрэгээрээ хамгийн таагүй хувилбараар тооцоолоход 900 тэрбум евро зарцуулж магадгүй байна. Судлаачдын гаргасан загварчлалаар бол, хэт халах үзэгдэл, үерийн аюул зэрэг байгалийн үзэгдлүүдийн улмаас жилд учрах зардлын хэмжээ 2050 он гэхэд 1.5-5 дахин өснө.


Гэхдээ хотуудын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлбэл дээр дурдсан зардлыг 60-100 хүртэлх хувиар бууруулах боломжтой байна. Түүнчлэн загварчлалаар тооцоогүй нөхцөл байдал үүсвэл зардлын хэмжээ улам бүр нэмэгдэж болзошгүй гэдгийг ч судлаачид онцолжээ.


Эдийн засгийн яамны мэдээлснээр, Германд 2000-2021 онд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлүүдийн уршгийг арилгахад 145 тэрбум еврогийн зардал гарснаас сүүлийн таван жилд л гэхэд 80 тэрбумыг нь зарцуулжээ. 2021 онд тус улсын Рейнланд-Пфальц, Хойд Рейн-Вестфали мужууд үерийн гамшигт нэрвэгдсэн юм. 

Related news