ДАРХАН-УУЛ: “Нэг тэрбумаараа тэмцье” хөдөлгөөнд Дарханыхан нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-07 22:59:57

Дархан /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө “Нэг тэрбумаараа тэмцье” олон улсын хөдөлгөөнд Дарханыхан нэгдлээ.

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны гишүүн байгууллагууд, аймгийн Насан туршийн боловсролын төв болон Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Дархан салбараас уг үйл ажиллагааг буюу алхалтыг хамтран зохион байгуулсан аж.


Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх алхалт нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэх, тэдний эдийн засаг, сэтгэл санаа, бие махбодь, бэлгийн эрх чөлөө хэрхэн зөрчигдөж буй, үүнийг таслан зогсооход нийгмийн ойлголт, хандлага, мэдлэгийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, иргэдийн оролцоогоор дамжуулан хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх үндэсний хөдөлгөөнийг бэхжүүлэх зорилготой.


“Нэг тэрбумаараа тэмцье” хөдөлгөөн нь дэлхий даяар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө урлагаар дамжуулан нөлөөлдөг аж. Энэ хүрээнд Дархан хотын төвөөр хүчирхийллийн эсрэг уриа үг бүхий зурагт самбарыг барьж алхан, бидний дуу хоолой явуулын самбар, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, охид эмэгтэйчүүдийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх контент, "Дархан-50" цогцолборт “Гинжийг тасал” флашмоб зэрэг үйл ажиллагаа зохион байгуулжээ.


Дэлхийн 200 гаруй улсад зохион байгуулдаг энэхүү хөдөлгөөнийг Монгол Улсад 2013 оноос эхлэн өрнүүлж ирсэн. Энэ жил уг алхалтыг үндэсний хэмжээнд 10 дахь жилдээ зохион байгуулжээ.

Related news