ГОВЬ-АЛТАЙ: Сүрьеэ өвчин илрүүлэх цогц үзлэгийг бүх суманд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-13 13:17:33

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, Монголын сумын эмч, мэргэжилтний холбооноос халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, хяналт, эмчилгээнд хамруулах цогц үзлэгийг бүх суманд зохион байгуулж эхэллээ.

Говь-Алтай  аймгийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, Монголын сумын эмч, мэргэжилтний холбооны Ерөнхийлөгч нар Глобал сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд алслагдсан бүс нутгийн хүн амыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж зонхилон тохиолдох халдвар болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх  хяналт, эмчилгээнд хамруулах цогц үзлэг зохион байгуулах гурвалсан гэрээ байгуулсан аж. Үүний дагуу тус аймгийн Баянтоорой тосгоноос бусад сум, тосгонд эрүүл мэндийн цогц үзлэгийг энэ сарын 10-аас ирэх сарын 15-ныг дуустал өрнүүлж, зорилтот бүлгийн 1800 гаруй хүнийг хамруулах тухай ЭМГ-аас танилцууллаа.


Говь-Алтай аймгийн хэмжээнд 2021 онд сүрьеэгийн 31 тохиолдол, 2022 онд 25 халдвар бүртгэгдсэн байна. Өнгөрсөн онд бүртгэгдсэн 25 тохиолдол Алтай, Баян-Уул, Бугат, Жаргалан, Тонхил, Төгрөг, Халиун, Цээл, Шарга болон Есөнбулаг суманд сүрьеэ өвчний шинэ тохиолдол бүртгэгджээ.

Тэднийг насаар нь авч үзвэл 0-15 насны 2, 16-34 насны 5, 35-49 насны 8, 50-65 насны 6, 65-аас дээш насны 4 хүн байгаа аж. Үүнээс харахад аль ч насны хүмүүс өвчилж байгаа тухай тус аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

Түүнчлэн 10000 хүн амд ногдох сүрьеэ өвчний тохиолдол улс, аймгийн дунджаас доогуур байгаа хэдий ч Алтай, Баян-Уул, Шарга суманд гурван жил дараалан энэ өвчний шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай нэмж мэдээлэв.


Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас ард иргэдэд сүрьеэгийн талаар дараах зөвлөмжийг хүргэж байна. 


Сүрьеэ хэрхэн халдварладаг вэ?

Сүрьеэ нь амьсгалын замаар халддаг, сүрьеэгийн нянгаар үүсгэгддэг архаг халдварт өвчин юм. Уушгины хэлбэрийн сүрьеэгээр өвдсөн өвчтөн ханиалгах, найтаах, ярих, үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж, энэ агаараар амьсгалсан хүн халдвар авч өвчилдөг.


Сүрьеэгээр өвдөх эрсдэл:

Удаан хугацаагаар хүндээр өвдөх, байнгын сэтгэлийн дарамттай байх, дархлаа сулрах, хорт зуршилд автах, хоол хүнсээр шаардлагатай аминдэм, эрдэс бодисоо авч чадахгүй байх, биеийн болон оюуны хэт ачаалалтай удаан ажиллах, ХДХВ-ний халдвар авсан бол, бохир, нарны гэрэл тусдаггүй агааржилт хангалтгүй орчинд ажиллаж амьдрах нь сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлдөг.


Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдэг: 

Хэрэв танд доорх шинж тэмдгүүдээс илэрвэл та сүрьеэгээр өвчилсөн байж болзошгүй тул өрх, сумын эмч, харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансерт очиж үзүүлэн оношоо тогтоолгох шаардлагатай. Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдгүүд нь сүрьеэгийн нян бие махбодын аль эрхтэнд байрласнаас шалтгаална.


• 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах

• Цээжээр өвдөх

• Цустай буюу  ногоон өнгийн цэртэй ханиалгах (уушгины гүнээс цэртэй ханиалгах)

• Ядарч сульдах

• Турах

• Хоолонд дургүй болох

• Халуурах

• Шөнө хөлрөх гэх мэт 


Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач холбогдол юу вэ?

Хэрэв танай гэр бүлийн хэн нэгэн гишүүн эсвэл дотны хүн чинь сүрьеэгээр өвчилсөн бол та урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Ингэснээрээ та өөрийгөө болон үр хүүхэд, ойр дотны бусад хүмүүсээ сүрьеэгийн халдвар авах, халдвар авснаа эрт илрүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх болон бусдад халдвар тараахгүй байхаас сэргийлж чадна.


Ямар шинжилгээнүүд өгөх шаардлагатай вэ?

1. Цээжний рентген зураг

2. Туберкулины сорил

3. Цэрний шинжилгээ


Сүрьеэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Дархлаажуулалтад хамрагдах

-Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтнийг эрт илрүүлж төгс эмчлэх нь бусдад халдвар тараахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм

-Гэр бүлийн бүх гишүүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах

-Биеийн дархлааг сайжруулах, амин дэм тэжээллэг хоол хүнс хэрэглэх

-Ажил амралтаа зохицуулж хэт ядрахгүй байх

-Өрөө тасалгаа нь цэвэр агааржуулалт сайтай байх нарны гэрэл тусдаг байх


Сүрьеэ эдгэрдэг өвчин бөгөөд эмчилгээний явцад анхаарах зүйлс:

-Сүрьеэгийн эмийг эмчийн хяналтад ууснаар сүрьеэ бүрэн эдгэрнэ. Сүрьеэгийн  эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг. 

-Эмээ тасралтгүй эмчийн хяналтад 6-8 сар уух. Эмчилгээ эхэлсний дараа 2-4 долоо хоногийн дараа таны зовуурь арилна. Энэ үед өвчин бүрэн эдгэрсэн биш өвчний нян бүрэн үхээгүй идэвхгүй байдалд орсон байдаг. Эмээ алдаг оног ууж эмчилгээг олон хоногоор таслах нь сүрьеэгийн савханцар эмэнд тэсвэржин улмаар эмд дасалтай сүрьеэ үүсгэж улмаар үхэлд хүргэх аюултай, эмэнд дасалтай сүрьеэг 2 жилийн турш эрчимтэй эмчлүүлэх шаардлагатай болдог.

-Эмчилгээ хийлгэх явцад эмч зөвшөөртөл ажил, сургууль, цэцэрлэг, олон нийтийн газар явахаас татгалзах


Сүрьеэгийн эдгэрэлтэд өвчтөний сэтгэл санаа тайван байх нь чухал тул өвдсөн хүн айж эмээх, санаа зовох, ичих шаардлагагүй мөн өвчтөний гэр бүлийн гишүүд, найз нөхөд ажлын хамт олон өвчнийг бүрэн эдгэрэхэд нь туслах. Үүнд: сэтгэл санааг дэмжих, чанарлаг хоол хүнсээр ханган, ажлын зохицуулалт хийх зэрэг халамж анхаарал тавих нь зүйтэй юм.

Related news