Д.Басандорж: Ус хэрхэн ашиглахаасаа илүү хамгаалах тухай ярихад хүрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-03-21 14:21:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Усны мониторингийн судалгаагаар, манай улсын нэг сумын төвд 50 тонн бохир ус гардаг байна. Үүнийг сумын төвөө ойжуулж, ногооруулах, тэнд хиймэл нуур, цөөрөм бий болгох замаар уур амьсгалын сөрөг нөлөөллийг сааруулж, бууруулах боломжтой. Бохир усаа ч баялаг хэмээн үзэн ашиглах хэрэгтэйг “Монгол Усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор Д.Басандорж хэлж байна.





Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ сарын 24-нд болох усны салбарын "Цэнхэр алт" Үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулж буй усны салбарын тулгамдаж буй асуудлын хэлэлцүүлэгт “Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усыг дахин ашиглах боломж, технологийн шийдэл” сэдвээр илтгэл тавьсан юм. Усны салбарын өнөөгийн нөхцөл байдал төрийн тэргүүний хүрээнд шийдэх хэмжээнд очоод байгааг тэр онцолж, үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарч олон талын оролцоотой хэлэлцүүлгийг өрнүүлж байгааг тодотголоо.


Манай улс усныхаа нийт нөөцийн 3-хан хувийг ашигладаг. Тэгсэн хэрнээ усны салбарт олон тулгамдсан асуудал гарч байгаа нь усаа зөв, ашигтай хэрэглэж чадахгүй байна гэсэн үг. 


Монгол Улсын зөвлөх инженер, гидро химич доктор Ч.Жавзан, “Гадаргын усны чанар, тулгамдсан асуудал” илтгэлдээ, гадаргын усны чанарын мониторинг судалгааг Ус, цаг уурын хүрээлэн олон жилийн хугацаанд хийж буйг мэдээллээ. Гол, мөрнүүд дээр ус судлалын байнгын харуулын 157 цэг ажиллаж байна. Үүгээр дамжуулан голлох голуудыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хянаж, мөн шинжээчид голын уртын дагуу явж шинжилдэг. Гол мөрний горимыг үнэн бодитой үнэлэх гол нөхцөл нь гадаргын усны хэмжилтийн сүлжээтэй байх явдал юм гэв.


Манай орны уулын цэвэр, тунгалаг байгалийн унаган төрхөөр байдаг голууд ихэнх тохиолдолд уул уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн нөлөөлөлд өртөн булингартан бохирдож буйг мэдээллээ. Ялангуяа, голын гольдрол даган байршдаг алтны ААН, компаниуд голын эрэг дагуух ай сав газарт сөргөөр нөлөөлж байна. Булингар гэдэгт уул уурхайн нөлөөгөөр төмөр, хөнгөн цагаан зэрэг элементүүд ихэвчлэн байдаг нь судалгаа, шинжилгээгээр гарч байна гэв.  

Монгол Улсын усны 98 хувийг нуур, цөөрмийн зэрэг гадаргын ус эзэлдэг. Гадаргын усанд хиймэл нуур цөөрөм, усан сан ордог. Эдгээрийн эзлэх хувийг нэмэгдүүлэх боломжтойг усны эрдэмтэн, мэргэжилтнүүд хэлж байна.

Доктор Д.Басандорж, “Манай улс усны нийт нөөцийнхөө 3-хан хувийг ашигладаг. Газрын доорх ус усны нийт нөөцийн хоёр хувийг эзэлдэг. Энэ хувиас нийт ашиглаж буй усны 71 хувийг хэрэглэдэг. Ийм хэмжээний хэрэглээний нөхцөл байдал нь усны салбарт тулгамдсан олон асуудлыг гаргаж ирж байгаа нь энэ салбарт зөв менежмент хийж, зөв зохицуулахгүй бол ойрын ирээдүйд ус хомсдож, нөөц багатай орнуудын тоонд орсоор байх болно” гэсэн юм.

Уг нь бохирдоод буй усаа цэвэршүүлж, саарал болон хаягдал усаа ашиглаж, усаа хуримтлуулан усан сан байгуулах зэрэг шийдэх боломж манай улсад байгааг тэрбээр онцоллоо.


Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь говь, хээрийн, цөлийн бүсэд байдаг. Цөлжилтийн хэмжээ улам нэмэгдсээр байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн ой, усны нөөцөө арвижуулах санаачилга гаргасныг эрдэмтэн мэргэжилтнүүд нааштай хүлээн авч байна.

Related news