Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-03-22 10:04:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхий нийтэд “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна.


Тодруулбал, 2021 оны гуравдугаар сард болсон НҮБ-ын Усны 34 дүгээр уулзалтаар 2023 оны Дэлхийн усны өдөр болон Дэлхийн ариун цэврийн байгууламжийн өдрийн кампанит ажлыг дээрх (Accelerating Change) уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.


Уулзалтаар энэ оны кампанит ажлын зорилго, агуулгыг 2023 онд болох  НҮБ-ын Усны бага хуралд “Ард түмний дуу хоолойг” хүргэхэд анхаарлаа хандуулахад чиглэнэ хэмээн тодорхойлов.

Энэ жилийн хувьд Дэлхийн усны өдөр нь Ус болон Ариун цэврийн байгууламжийн асуудал, хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай аливаа өөрчлөлтийг хурдасгая хэмээн дэлхий нийтэд уриалж байна.  


Дэлхийн усны өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор усны салбарын “Цэнхэр алт” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Чуулганы хүрээнд салбар хуралдаанаар гурван удаагийн хэлэлцүүлэг өрнөж, тэдгээрээс гарсан санал зөвлөмжийг энэ сарын 24-нд болох нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. Урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож буй усны салбарын мэргэжилтэн, эрдэмтэд манай улсад өнөөдөр усыг хэрхэн, яаж ашиглах гэхээсээ илүү хамгаалах, энэ талын бодлогын талаар ярих хэрэгтэй болсныг хөндөж байна.


Манай улс жилд 600 сая шоо метр усыг унд, ахуй, үйлдвэрлэлд хэрэглэдэг. Үүний дийлэнхийг хөдөө аж ахуйн салбарт болон уул уурхайд ашигладаг. 86 сая шоо метр усыг унд, ахуйн зориулалтаар хэрэглэжээ.


Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгээд байна.

Related news