Ногоон ХАА-г дэмжих 448 сая ам.долларын хөтөлбөр батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-03-27 09:59:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк Монгол Улсын аймаг, сумдын хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжих 448 сая ам.долларын санхүүжилттэй хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталлаа.

Аймаг, сумдын бүсчилсэн “Ногоон хөгжил”-ийн хөрөнгө оруулалтын энэ хөтөлбөр нь нутаг дэвсгэрийн ногоон хөгжлийг дэмжин, хот-хөдөөг холбон хөгжүүлэх загварыг бий болгох талаар АХБ-наас мэдээллээ. Ингэснээр аймаг, сумдын төвийг тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийг ихээр шингээх чадвартай бэлчээрийн менежментийг дэмжих төрөлжсөн ХАА-н бизнесийн төв болгох зорилготой ажЭнэ хөтөлбөр нь:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах,
  • Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулах,
  • Нүүрстөрөгчийг шингээдэг байгалийн нөөцийг нөхөн сэргээх замаар хэрэгжинэ.

Энэ талаар АХБ-ны Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекман хэлж байна. Улс орны өмнө тулгарч буй олон талт сорилтыг шийдвэрлэх цогц шийдлийг туршин хэрэгжүүлнэ гэв.

Монгол Улсын газар нутгийн 82 хувийг бэлчээр нутаг эзлэх боловч бэлчээрийн даац хэтэрсэн, тогтвортой бус менежментийн дадлыг ашигласан зэргээс үүдэн устах аюул нүүрлээд байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эмзэг бэлчээр нутгийн үр шим доройтож, малчид байгалийн гамшигт өртөх эрсдэл нэмэгдсэн. 


Тиймээс эхний ээлжид Монгол Улсын баруун бүсийн аймгуудад малчдын бүлгийг дэмжин, тэднийг тогтвортой мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн менежментийн арга туршлагад сурган, чадавхжуулах зорилгоор уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийг ихээр шингээх чадвартай, тогтвортой бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх юм.

Мөн хотын үйлчилгээгээр дамжуулан сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгарал багатай шийдлүүдийг дэмжсэнээр аймаг, сумдын төвийг амьдрахад таатай, хөдөө аж ахуйн ногоон бизнесийн нэмүү өртгийн сүлжээний төв болгон хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.  


Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийн ялгарал багатай хөдөө аж ахуйн бизнесийн нэмүү өртгийн сүлжээнүүдэд хүрэх санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төслийн хүрээнд бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн санг байгуулах юм. Уг сан нь хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг ЖДҮ-үүдэд тулгарч буй санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэхэд чиглэсэн уур амьсгалд түшиглэсэн олон талт санхүүгийн механизм болон институцийг бий болгох аж.  


Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, Европын Хөрөнгө оруулалтын банк, Европын холбоо болон Уур амьсгалын ногоон сангаас хамтран санхүүжүүлж буй дээрх хөтөлбөрийн нийт өртөг нь 735 сая ам.доллар. Үүнээс 3 сая ам.долларыг АХБ-ны хамгийн ядуу, эмзэг, хөгжиж буй гишүүн орнуудад буцалтгүй тусламж олгодог Азийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байна. Хөтөлбөрийг 3 үе шаттайгаар 2033 он хүртэл хэрэгжүүлнэ.

Related news